Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг нүүрсний ил уурхайд Meganews -ийн сурвалжлах баг ажиллаад ирлээ. Уурхайн үйл ажиллагаатай танилцахдаа нүүрс олборлолтын цаана ажиллаж буй сургалт, эрчим хүч, баяжуулах үйлдвэр, ус хангамжийн тогтолцоог сонирхлоо. Мөн эдгээр бүтээн байгуулалт орон нутгийн амьдралтай хэрхэн холбогдож байгааг харахыг зорилоо.
Уурхайн хүнд машин механизмын оператор болох сонирхолтой олон залуус бий. Харин энэ мэргэжлийг хаана, хэрхэн эзэмших вэ? Энэ асуултын хариуг сонирхож, Ухаа худагийн сургалтын төвөөр орлоо. Тус төвд операторын мэргэжил олгох сургалтыг 28 хоногийн хугацаанд зохион байгуулдаг талаар танилцуулсан юм. Сургалтаа амжилттай төгссөн хүмүүсээс уурхайдаа ажилд авдаг бөгөөд элсэлтийн талаарх мэдээллийг компанийн албан ёсны цахим хуудсаар нийтэлдэг байна.
Сургалтын төвийн анхаарал татсан хэсэг нь симулятор байлаа. Уурхайн орчныг гурван хэмжээст хэлбэрээр загварчилсан төхөөрөмж дээр суралцагчид техник жолоодох дадлага хийдэг. Бодит машин механизм дээр ажиллахаасаа өмнө удирдлагатай нь танилцаж, үйлдлүүдээ давтах боломжийг энд бүрдүүлжээ.
Сургалтын төвийн менежерийн хэлснээр Ухаа худагт өнөөг хүртэл 1,800 гаруй залуусыг хүнд машин механизмын оператор болон засварчнаар мэргэшүүлэн бэлтгэж, ажлын байраар хангажээ.
Ухаа худаг өөрийн гэсэн 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцтай. Уг станцыг 2011 онд Монгол инженер, техникийн ажилтнууд барьж байгуулсан нь энэ томилолтын үеэр сонирхсон бүтээн байгуулалтын нэг байлаа. Станц уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангахаас гадна Цогтцэций суманд 24 цагийн цахилгаан нийлүүлдэг байна. Үйлдвэрлэлд зориулан байгуулсан эрчим хүчний эх үүсвэр сумын айл өрх, худалдаа үйлчилгээний өдөр тутмын хэрэглээтэй холбогджээ. Уурхайн үйл ажиллагаа тасралтгүй явахад найдвартай эрчим хүч шаардлагатай. Харин орон нутгийн хувьд энэ бүтээн байгуулалтын ач холбогдол гэрийн гэрэл, байгууллагын ажиллагаа, үйлчилгээний хүртээмжээр дамжин мэдрэгдэнэ. Үйлдвэрлэлийн дэд бүтэц сумын хэрэгцээг давхар хангаж буй жишээ нь энэ юм.
Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрт очиход олборлолтын дараах боловсруулалт ямар хэмжээний үйл ажиллагаа болох нь илүү тодорхой харагдлаа. Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний модуль 2011 онд ашиглалтад оржээ. Дараагийн хоёр модулийг 2012, 2013 онд нэмж байгуулснаар жилд нийт 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай болсон байна. Нүүрс баяжуулах гэдэг нь олборлосон нүүрсийг угааж, хольцыг нь бууруулан чанарыг сайжруулах үйл явц юм. Тус үйлдвэр 2011–2025 онд 80 орчим сая тонн баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Байгалийн баялгаа дотооддоо боловсруулах тухай олон жил ярьж ирсэн. Харин энд тэр боловсруулалтын нэг шат бодитоор ажиллаж байна.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэдэх хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр лаг хаягдлаас усыг ялган авч, үйлдвэрлэлд эргүүлэн ашигладаг. Компанийн мэдээллээр баяжуулах үйлдвэрийн ус дахин ашиглалт 95 хувь хүртэл хүрдэг байна. Энэ үзүүлэлт нь үйлдвэрийн усны эргэлтэд хамаарах бөгөөд говийн усны нөөцийг хамгаалахад нийт хэрэглээ, эх үүсвэрийн хяналт мөн чухал юм.
Цогтцэций сумаас долоон километрт Энержи Ресурс компанийн байгуулсан ойн зурвас бий. 2011 оноос мод тарьж, арчилсан энэ талбай өдгөө 63 га газрыг хамарч, 94 мянга гаруй мод, буттай болжээ. Говийн цөлжилт, хөрсний доройтлыг сааруулах зорилготой уг ажлын зэрэгцээ Ухаа худагийн мод үржүүлгийн талбайд нөхөн сэргээлтэд ашиглах мод, сөөгийг ургуулж байна.
Уурхайн ажилтнуудын тогтвортой ажиллах нөхцөл нь гэр бүлийнх нь амьдрах орчинтой салшгүй холбоотой. Энэ хэрэгцээнд зориулан Цогтцэций суманд “Цэций 1, 2” нийт 800 айлын орон сууцны хороолол, “Зузаахай” цэцэрлэг, “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулжээ. Компанийн мэдээллээр ажилтнуудаа орон сууцаар үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлдэг байна. Ийнхүү ажлын байртай нь хамт гэр бүлээрээ суурьшин амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн үндсэн ажилтнуудын 40 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлдэг байна.
Говьд үйлдвэрлэл явуулж байгаа бол усны эх үүсвэрээс гадна хэрэглээ, хэмнэлт, дахин ашиглалтыг хамтад нь авч үзэх шаардлагатай. Иймээс Ухаа худагийн ус хангамжийн цогц системтэй танилцлаа. Системийг байгуулах ажил 2008 онд эхэлж, 2011 оны зургаадугаар сард ашиглалтад оржээ. Өнөөдөр уурхайн үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэгцээг хангахын зэрэгцээ Цогтцэций суманд цэвэршүүлсэн ундны ус нийлүүлдэг байна.
Ухаа худагт ажиллахдаа уурхайг дагасан үйлдвэр, дэд бүтэц орон нутгийн амьдралд хэрхэн хүрч байгааг харлаа. Залуус мэргэжил эзэмшиж, гэр бүлүүд суурьшин, сумын ус, цахилгаан хангамжийг хамтад нь шийджээ. Байгалийн нөөцөө хэмнэлттэй ашиглаж, үйлдвэрлэлийн үр өгөөжийг иргэдийн амьдралтай холбож чадвал хот, хөдөөгүй хөгжих боломж байгааг энэ томилолт харууллаа.












