Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны шинэчлэлийг иргэдэд танилцуулах “Нээлттэй парламент” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн өдөрлөгийг Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн I, II дугаар байр болон тус сургуулийн Багш, оюутны хөгжлийн төвд 2026 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 140 гаруй оюутанд мэдээлэл хүргэлээ.



Мөн өдөрлөгийн үеэр оюутнуудын санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг хүлээн авах “SParliament” цэсний нээлтийг хийн, танилцуулсан юм. Гурван өдрийн хугацаанд оюутнууд тус цэсээр дамжуулан 16 орчим санал ирүүлснээс суралцах орчныг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, оюутны автобусны үнэгүй зорчих эрхийг сэргээх, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, сургалтын төлбөрийг бууруулах, оюутны дотуур байрны хүртээмжийг сайжруулах зэрэг асуудал зонхилж байлаа.












