Өглөөний хичээлдээ яарсан оюутнууд автобусны буудал дээр дугаарлан зогсоно. Зарим нь нэг автобусанд суугаад зорьсон газартаа хүрдэг бол зарим нь нэгээс хоёр, цаашлаад гурван автобус дамжин сургуульдаа очдог. Нийтийн тээвэр бол оюутнуудын хувьд хичээлдээ хүрэх үндсэн хэрэгслийн нэг. Гэвч автобусны үнэ нэмэгдсэнээр өдөр тутмын зорчилтын зардал оюутнуудын сарын төсөвт тодорхой хэмжээний дарамт болж байна.
Өмнө нь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд нийтийн тээврээр сард 44 удаа үнэ төлбөргүй зорчих эрхтэй байсан. Энэ нь оюутнуудын хичээлдээ ирж, очих наад захын хэрэгцээг дэмжсэн бодит хөнгөлөлт байв.
Харин өнөөдөр нийтийн тээврийн нэг удаагийн зорчилтын үнэ 1000 төгрөг болсон. Нэг удаагийн төлбөр бага мэт боловч өдөр бүр зорчдог оюутнуудын хувьд сарын эцэст багагүй зардал болж хуримтлагдана. Ялангуяа хотын зах болон төвөөс алслагдсан хэсэгт амьдардаг оюутнуудын хувьд нэг чиглэлийн автобусаар зорьсон газартаа хүрэх боломж хомс. Тиймээс өдөрт хэд хэдэн удаа нийтийн тээврээр зорчих шаардлагатай болдог.
СУИС-ийн оюутан Анхбаярын хувьд нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт дахин хэрэгтэй гэж үзэж байна. Тэрбээр зөвхөн сургуульдаа явах бус, хичээлээс гадуурх ажил, уулзалт болон бусад шаардлагаар өдөрт хэд хэдэн удаа зорчих хэрэг гардаг байна. Түүний хэлснээр өдөрт нийтийн тээвэрт дунджаар 1000-2000 төгрөг зарцуулах тохиолдол байдаг ч зарим өдөр энэ зардал 5000 төгрөгт хүрдэг байна. Энэ нь сарын эцэст оюутны санхүүгийн төлөвлөгөөнд мэдэгдэхүйц дарамт болдог аж.
Мөн оюутны эцэг, эхийн төлөөлөл болсон иргэн нийтийн тээврийн төлбөрөөс оюутнуудыг бүрэн чөлөөлөх эсвэл тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна. “Төр засаг энэ асуудлыг анхаарч үзэх байлгүй дээ” хэмээн тэрбээр байр сууриа илэрхийлэв.
Оюутнуудын дунд хийсэн Google Forms судалгааны дүнгээс харахад зарим оюутан сард 30-50 мянган төгрөгийг нийтийн тээврийн зардалд зарцуулдаг байна. Харин автобус хэт ачаалалтай, хичээлээс хоцрох эрсдэлтэй үед таксигаар зорчих шаардлага гардаг талаар оюутнууд мөн дурджээ. Ингэснээр тээврийн зардал зөвхөн автобусны төлбөрөөр хязгаарлагдахгүй, нэмэлт зардал болж өсдөг байна.
Эндээс харахад нэг удаагийн 1000 төгрөгийн зорчилтыг дангаар нь авч үзэхээс илүүтэйгээр оюутны сарын нийт тээврийн зардал, өрхийн санхүү болон амьдралын нөхцөлтэй нь холбон харах шаардлагатай болж байна.
Оюутны нийтийн тээврийн хөнгөлөлт бол зөвхөн автобусны төлбөрийг бууруулах тухай асуудал биш. Энэ нь оюутны боловсрол эзэмших боломж, өрхийн санхүүгийн ачаалал, нийгмийн дэмжлэгтэй холбоотой асуудал юм.
Тэгвэл өмнө нь хэрэгжиж байсан оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийг сэргээх боломж бий юу? Эсвэл оюутнуудад зориулсан шинэ хэлбэрийн хөнгөлөлтийн тогтолцоо шаардлагатай юу?
Сурвалжлагч: Г.Цолмон













