Нийслэл Улаанбаатар хот болон түүний дагуул хотууд орчимд үерийн эрсдэлтэй 25 байршлыг инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд тогтоосон бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч, зам гүүр, инженерийн шугам сүлжээ эвдэрч, эдийн засгийн хохирол нэмэгдэх өндөр эрсдэлтэй юм. Тиймээс Дэлхийн банкны буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд 9 байршилд 96 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг барих болон 40 км ариутгах татуургын шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэхээр төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр магадлал хийгдэж батлагдаад байна.
Тус 9 байршил нь 50 сайр, жалганд үерийн хамгаалалтын инженерийн байгууламж буюу 96 км урт далан, суваг болон борооны ус зайлуулах шугам хоолойг засаж шинэчилнэ.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 580 мянган хүн ам үерийн эрсдэлээс тодорхой түвшинд хамгаалагдана гэсэн судалгааг ТЭЗҮ-д тусгасан байна. Мөн үерийн эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэйгээс бага зэргийн эрсдэлтэй түвшинд хүрнэ гэсэн тооцоолол хийгдсэн. Цаашид инженерийн бэлтгэл арга хэмжээний дагуу төлөвлөгдсөн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барьж дуусгахад 2040 он гэхэд үерийн маш бага эрсэлтэй хотын ангилалд багтах боломжтойг салбарынхан онцолж байна.
Дашрамд дурьдахад, Улаанбаатар хотын төвийн хорооллуудын бохир усны төвлөрсөн системийг 1963 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1,100 гаруй км урт шугам сүлжээгээр дамжуулан нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгжүүдэд үйлчилж байна. Гэвч тус сүлжээний 58 хувь нь 30-60 жилийн насжилттай болсон бөгөөд 86.7 км шугам ашиглалтын хугацаагаа бүрэн дууссан нь инженерийн дэд бүтцийг шинэчлэх шаардлага тулгарсныг харуулж байгаа юм.
Энэ хүрээнд хэрэгжүүлж буй “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь нийслэлийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.












