Хархорум хотыг байгуулах томоохон бүтээн байгуулалт төлөвлөлтийн шатандаа үргэлжилж байхад Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд 3.27 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үерийн хамгаалалтын суваг байгуулах тендер зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулжээ Энэ бол Хархорум хотыг байгуулах хэрэгтэй, хэрэггүй тухай маргаан биш. Харин шинэ хот байгуулах нэрийн дор төсөл, бүтээн байгуулалтын ажлыг ямар дарааллаар хэрэгжүүлж, хөрөнгийг хэр үр ашигтай зарцуулж байгааг асуух асуудал юм. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгдсэн мэдээллээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд үерийн хамгаалалтын суваг байгуулах тендерийг 2026 оны зургаадугаар сарын 19-нд зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 3,276,195,119 төгрөг. Нийт таван компани оролцсоноос “Би Ди инженеринг” ХХК шалгарсан байна.

ТӨЛӨВЛӨЛТ НЬ ДУУСААГҮЙ БАЙХАД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗАРДАЛ НЭМЭГДСЭЭР
Хархорум хот бол жижиг төсөл биш. Монгол Улсын шинэ хөгжлийн төв байгуулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой томоохон бүтээн байгуулалт. Хархорум хотын захиргааны албан ёсны мэдээллээр шинэ хотыг Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумдын нутаг дэвсгэрт нийт 189,363 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 23-нд баталсан. Мөн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтад 54 улсын 428 баг оролцох хүсэлт ирүүлж байжээ. Гэвч 2026 оны гуравдугаар сард ч Хархорум хотын чөлөөт бүсийн байршил, инженер-геологийн судалгаа, инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг хэлэлцэж байв. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлэлд Хархорум хотын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн кластер, хог боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах шаардлагатайг дурджээ. Өөрөөр хэлбэл, шинэ хотын үндсэн дэд бүтцийн төлөвлөлт, судалгааны ажил үргэлжилж байхад цэцэрлэгт хүрээлэнгийн үерийн хамгаалалтын суваг байгуулахад хэдэн тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Эндээс нэг асуулт урган гарна. Хотын ус, дулаан, цахилгаан, авто зам, орон сууцны бүтээн байгуулалтын хэрэгжилт ямар шатанд байхад цэцэрлэгт хүрээлэнгийн үерийн хамгаалалт хөрөнгө оруулалтын тэргүүлэх ажил болсон бэ?













