Улаанбаатар хотын барилгажилт сүүлийн жилүүдэд эрчимжиж, гэр хорооллын төлөвлөлтгүй газар тэлсэн нь нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан, борооны ус зайлуулах сүлжээ, ус хүлээн авах шүүрт зэргийн хүчин чадлыг давуулан ачаалж, одоогийн байгууламжууд хуучирч муудах, хүрэлцээгүй байх зэрэг асуудлууд тулгамдаж байна. Улаанбаатар хотод 1966, 1988, 1994, 2003, 2009, 2023 онд тохиосон хүчтэй үерүүд давтагдах магадлал ихэссэн нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд үерийн давтамж, эрчим эрс нэмэгдэж, бодит хохирол өндөр түвшинд хүрч байна. Тухайлбал, 2023 оны үер нь сүүлийн 50 жилд тохиосон хамгийн хүчтэй үерүүдийн нэг хэмээн үнэлэгдсэн. Эдгээр эрсдэлээс сэргийлэх, инженерийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор нийслэлийн суурьшлын бүсийн аюулгүй байдлыг хангахад үерийн хамгаалалтын байгууламжийг шинээр бий болгох нэн тэргүүний шаардлагатай. Тиймээс Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс бүрэн хамгаалахын тулд хотын төвийн дүүргүүдийн 25, хаяа дагуул хотын 11, зуслангийн бүсийн 6 байршилд нийт 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барихаар төлөвлөөд байна.
Эхний ээлжинд нэн шаардлагатай 9 байршилд үерийн хамгаалалтын суваг, борооны усны шугам, үерийн хамгаалалтын далан бүхий нийт 92.696 км байгууламжийг шинээр барих төслийг 2026-2033 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хурлаар хэлэлцэн дэмжсэн. Мөн Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг Би Жи Эм дистрибьюшн ХХК боловсруулж буй бөгөөд гүйцэтгэлийн явц 90 орчим хувьтай байна. Энэхүү төсөл нь гамшгийн дараах арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжих, хотын дэд бүтэц, нийгмийн хамгаалал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм.
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл багасч, айл өрхийн эд хөрөнгийн хохирол, нүүлгэн шилжүүлэлт, амь насны эрсдэл буурч, жил бүр давтагдах их хэмжээний эдийн засгийн хохирлоос урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагааны тасалдал, даатгал, нөхөн төлбөрийн дарамт буурах юм.
Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд, үерийн улмаас үүсэх хөрс, усны бохирдол буурч, бохир усны халилт, үнэр, хөрсний бохирдол багасаж, хотын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл сайжрах судалгаа бий.










