Улаанбаатар хотын захын нэг автобусны буудал дээр хүмүүс автобусаа хүлээн зогсоно. Нэг нь чихэвч зүүж, нөгөө нь богино бичлэг гүйлгэж, гурав дахь нь хэн нэгний нийтлэлд өөрийн сэтгэгдэлээ үлдээнэ. Автобус ирэхэд бүгд зэрэг хөдөлнө. Гэвч энэ хугацаанд тэдний хооронд ямар ч харилцаа өрнөхгүй байх нь элбэг. Автобусны жолооч хүртэл зориулалтын тавиур дээр тавсан утсаа ширтэн жолооны ард сууна. Хэдхэн метрийн зайд зогсож буй хүмүүс нэг нэгнийгээ анзаараргүй хэвээр, харин дэлгэцний цаадах танихгүй хүмүүстэй хэдийнээ дотно найзууд болжээ.
Энэ бол өнөөдрийн нийгмийн энгийн нэг дүр зураг. Бидний амьдралд технологи нэвтэрсэн нь өөрөө асуудал биш. Харин технологи бидний цаг хугацаа, анхаарал, харилцаа, сэтгэл хөдлөлийг хэрхэн өөрчилж байгааг анзаарахгүй байгаа нь гол асуудал. Өнөөдөр ухаалаг утас бидний сэрүүлэг, цаг, банк, ажлын хэрэгсэл, мэдээний эх сурвалж, зугаа цэнгэлийн төв болжээ. Бид түүгээр дамжуулан суралцаж, ажиллаж, хол байгаа хүмүүстэйгээ ярилцаж, дэлхийд болж буй үйл явдлыг шуурхай мэддэг болсон. Гэвч нэг асуулт үлдэнэ. Бид технологийн тусламжтайгаар илүү дээр амьдарч байна уу, эсвэл зүгээр л дэлгэцэн дотроо амьдралаа урсгасаар сууна уу?
Утасны дэлгэц гэрэлтэх бүрд бидний анхаарал шууд л тэнд шилждэг. Ирсэн мэдэгдэл бүрийг шалгаж, шинэ бичлэг бүрийг үзэж, бусдын амьдралд юу болж байгааг мэдэхийг хүснэ. Харин энэ бүхний дундуур өөрийн амьдралд юу болж байгааг анзаарах зав бидэнд үлдэж байна уу? Бид хамтдаа сууж байгаа ч хамтдаа амьдарч чадахгүй байна Энгийн жишээ нь найзууд кафе дотор нэг ширээ тойрон сууна. Хоол захиалж, зураг авч, сошиал сүлжээндээ нийтэлсний дараа хүн бүр өөрийн дэлгэц рүү буцна. Гэр бүлээрээ оройн хоол идэхдээ ч зурагт, гар утас, богино бичлэгийн дуу чимээ яриаг орлох нь бий.
Гаднаас нь харахад тэд хамтдаа. Харин сэтгэл хөдлөл, анхаарал нь өөр өөр газар байна.
Хүнтэй нэг өрөөнд байх нь түүнтэй бодитоор харилцаж байгаатай адил биш. Хэн нэгэн ярьж байхад утсаа дахин дахин шалгах, ярианых нь дундуур мэдэгдэлд хариулах, хамт өнгөрүүлж буй мөчөө бичлэг болгон хадгалахыг урьтал болгох нь тухайн хүнд анзаарагдахгүй мэт боловч харилцаанд нөлөөлж болно. Учир нь хүнийг сонсоно гэдэг зөвхөн үгийг нь сонсохын нэр биш түүний царайны хувирал, дууны өнгө, хэлж чадахгүй үлдээсэн мэдрэмжийг анзаарахыг хэлнэ. Харин анхаарал байнга тасалддаг орчинд ийм харилцаа үүсэхэд улам хэцүү. Бид хажууд суугаа хүнээсээ “Өнөөдөр юу болов?” гэж асуухаас илүү дэлгэцээ дээш, доош гүйлгэхийг сонгодог болжээ. Тэр хүн бидэнд ярих зүйлгүйдээ чимээгүй байгаа юм биш, магадгүй сонсох хүн олдохгүй байгаа учраас дуугүй байж болох юм. Эндээс нэг чухал асуудал гарё ирнэ. Хүмүүсийн хоорондын зайг хэдэн километрээр хэмжихээ больсон ч сэтгэл зүйн зайгаа бид анзаарахгүй байна. Сошиалын төгс амьдрал ба өөрийгөө голох нийгэм Сошиал сүлжээний нүүр хуудсаар гүйлгэхэд аз жаргалтай хосууд, тансаг аялал, үнэтэй бэлэг, амжилтын тухай мэдээ ар араасаа хөвөрнө. Хэн нэгэн шинэ машин авч, нөгөө нь гадаадад аялж, гурав дахь нь мөрөөдлийн ажлаа эхлүүлжээ. Гэхдээ бидний харж буй зүйл бол тухайн хүний амьдралын бүхэл бүтэн дүр зураг биш. Ихэнхдээ хуваалцахыг хүссэн сонгомол мөчүүд нь юм. Хүн амьдралынхаа хамгийн сайхан агшныг нийтэлж болно. Энэ нь худал гэсэн үг биш. Харин бусдын сонгож харуулсан мөчүүдийг өөрийн амьдралын өдөр тутмын бодит байдалтай харьцуулахад асуудал үүсдэг. Бусдын амжилтыг хараад урам авахын оронд өөрийгөө дорд үзэж эхэлнэ. Бусдын харилцааг хараад өөрийнхөө харилцаанд эргэлзэнэ. Бусдын амьдралын хэв маягийг хараад өөрт байгаа зүйлээ хангалтгүй гэж бодно. Ингээд бусдын амьдралтай өрсөлдөх уралдаан эхэлдэг. Энэ уралдааны барианы шугам хаана байдаг вэ? Илүү олон лайк уу? Илүү олон дагагч уу? Илүү үнэтэй эд зүйл үү? Эсвэл бусдад амжилттай харагдах мэдрэмж үү? Хамгийн хачирхалтай нь, энэ уралдаанд түрүүлсэн эсэхээ бид өөрсдөө бусдын хариу үйлдлээр хэмжих гээд байдаг. Нийтэлсэн зураг хангалттай олон хүнд хүрээгүй бол сэтгэл гонсойж, бусдын анхаарал буурвал өөрийн үнэ цэндээ хүртэл эргэлзэж мэднэ. Мэдээж сошиал сүлжээг ашигладаг хүн бүр ийм байдалд ордоггүй. Гэхдээ цахим орчны харьцуулалт, гаднах төрхөд төвлөрсөн агуулга, бусдын үнэлгээнд хэт ач холбогдол өгөх хандлага нь зарим хүнд сэтгэл зүйн дарамт бий болгох эрсдэлтэй. Бид өөрсдийн амьдралыг бусдын хамгийн сайхан мөчтэй харьцуулж, өөрийнхөө өдөр тутмын амьдралыг хангалтгүй гэж дүгнэх нь бий. Ингэж өөрийгөө голох тусам бид бодит амьдралдаа байгаа боломж, харилцаа, амжилтаа анзаарахаа больдог. Эцэст нь бусдад сайхан харагдах гэж амьдрахдаа өөрөө юунд дуртай, юу хүсдэг байснаа ч мартаж мэднэ. Хүүхдийн гарт утас атгуулах нь амархан. Харин алдсан цагийг нь буцаах боломжгүй Ухаалаг утасны хэрэглээний тухай ярихад хүүхдүүдийг орхиж болохгүй. Учир нь хүүхэд зөвхөн юу үзэж байгаагаасаа бус, орчиндоо байгаа хүмүүс хэрхэн харилцаж байгаагаас суралцдаг. Эцэг эх ажилтай, завгүй, ядарсан үедээ хүүхдээ тайвшруулахын тулд утас өгөх нь бий. Зарим нөхцөлд энэ нь түр зуурын арга байж болно. Гэвч дэлгэц хүүхэд саатуулах үндсэн хэрэгсэл болж, хамт ярилцах, тоглох, үлгэр унших, орчныг танин мэдэх боломжийг байнга орлож эхэлбэл асуудал үүснэ. Бага насны хүүхэд хэл яриа, сэтгэл хөдлөл, бусадтай харилцах чадвараа бодит харилцааны явцад хөгжүүлдэг. Тэр уйлахад нь хүн хариу үйлдэл үзүүлж, асуулт асуухад нь хариулж, тоглох үед нь хамт оролцох нь суралцах үйл явцын нэг хэсэг юм. Дэлгэцийн хэрэглээний нөлөө нь хүүхдийн нас, агуулга, хэрэглэсэн хугацаа, насанд хүрэгчдийн оролцоо зэргээс шалтгаална. Тиймээс утас хэрэглэдэг хүүхэд бүрийн хөгжилд заавал сөрөг нөлөө үзүүлнэ гэж дүгнэх нь өрөөсгөл. Харин дэлгэц хүүхдийн нойр, хөдөлгөөн, тоглоом, амьд харилцааг шахан гаргаж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай. Энд эцэг эхчүүдийг буруутгаад асуудал шийдэгдэхгүй. Ажил, амьдралын ачаалал, хүүхэд харах боломж, гэр бүлийн нөхцөл байдал ч нөлөөлнө. Гэхдээ та хүүхдэдээ утас өгөхөөс өмнө өөрөөсөө нэг асуулт асуу. “Би хүүхдээ үнэхээр тайвшруулахын тулд утас өгч байна уу, эсвэл түүнтэй хамт байх цаг гаргах боломжгүй учраас дэлгэцээр орлуулж байна уу?” Энэ асуултын хариулт бүр ижил байх албагүй. Харин хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цагийг зөвхөн нэг өрөөнд хамт байх гэж ойлгохгүй байх нь чухал. Хүүхдэд заримдаа үнэтэй тоглоом, шинэ төхөөрөмжөөс илүү анхааралтай сонсох хүн хэрэгтэй. Анхаарлыг маань хэн эзэмшиж байна вэ? Утасны хэрэглээний асуудлыг зөвхөн хувь хүний сахилга баттай холбох нь учир дутагдалтай. Дижитал платформуудын бүтэц, хэрэглэгчийг удаан хугацаанд байлгах зорилготой зарим функц ч бидний зан төлөвт нөлөөлдөг. Дуусахгүй гүйлгэх мэдээллийн урсгал, автоматаар дараагийн бичлэг тоглуулах тохиргоо, шинэ мэдэгдэл, хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн санал болгох агуулга нь платформоос гарах шийдвэрийг хойшлуулахад хүргэж болно. Нэг бичлэг үзнэ. Тэгээд дараагийн бичлэг. Тэгээд дараагийнх. Ингэж явсаар нэгэнт л шөнө дунд утасны цэнэг дууссан мэдэгдэлд сэхээ аваад өөрийгөө буруутгаж эхэлдэг. Энэ бүхнийг “хүмүүс залхуу болсных” гэж тайлбарлах амархан. Гэвч хэрэглэгчийн анхаарлыг татах өрсөлдөөн хүчтэй болсон өнөө үед асуудлыг зөвхөн хувь хүний хариуцлагаар хязгаарлаж болохгүй. Платформууд хэрэглэгчдэд ямар мэдээлэл санал болгож байгаа, хүүхэд, өсвөр үеийнхнийг хэрхэн хамгаалж байгаа, хувийн мэдээллийг яаж ашиглаж байгаа, хэт хэрэглээг бууруулах ямар боломж олгож байгаа нь чухал. Нөгөө талаас хэрэглэгч өөрийн хэрэглээгээ удирдах эрх, чадвараа хөгжүүлэх шаардлагатай. Мэдэгдлээ тохируулах, хэрэглээний хугацаагаа шалгах, шаардлагагүй үед утсаа хол тавих нь жижиг мэт боловч бодит алхмууд. Технологийн компаниуд, боловсролын байгууллага, гэр бүл, төрийн бодлого боловсруулагчид гээд бүгд өөр өөрийн хариуцлагатай. Дэлгэцийн хэт хэрэглээний асуудлыг зөвхөн нэг хүний буруу зуршил гэж үзвэл түүнийг бий болгож буй орчныг анзаарахгүй өнгөрнө. Утсаа цэнэглэдэг шигээ харилцаагаа анхаарч чаддаг уу? Бид утасныхаа цэнэг дуусахад шууд цэнэглэгч хайдаг. Интернэт тасарвал сүлжээгээ шалгана. Төхөөрөмж удааширвал шалтгааныг нь олж түргэн засахыг хичээнэ. Харин таны дотны хүн сүүлийн үед дуу муутай болсныг анзаардаг уу? Гэр бүлийн хүн тань яагаад ярилцахаа больсныг асуудаг уу? Хүүхэд маань бидэнтэй ярилцахын оронд дэлгэц ширтэх болсон шалтгааныг ойлгохыг хичээдэг үү? Харилцаа нэг өдрийн дотор тасардаггүй. Заримдаа хариулаагүй асуулт, анзаараагүй мэдрэмж, хойшлуулсан яриа давтагдсаар хүмүүсийн хооронд зай бий болдог. Гэхдээ үүнийг эргүүлэн өөрчлөх боломж бий. Үүний тулд технологийг үзэн ядах, ухаалаг утсаа бүр мөсөн хаях шаардлагагүй. Харин түүнийг хэзээ, юунд, ямар хэмжээнд ашиглахаа өөрөө шийддэг болох хэрэгтэй. Гэр бүлээрээ хооллохдоо утсаа хол тавих. Найзтайгаа уулзахдаа ярианыхаа үеэр дэлгэцээ байнга шалгахгүй байх. Хүүхэдтэйгээ өдөр бүр тодорхой хугацаанд хамт тоглож, ярилцах. Унтахын өмнө сошиал сүлжээгээ үзэхийн оронд ном унших, хөгжим сонсох, эсвэл тайван амрах. Эдгээр нь нийгмийг нэг өдрийн дотор өөрчлөх том шинэчлэл биш. Гэхдээ харилцааг өдөр бүр бүтээдэг зүйлс нь ийм л жижиг үйлдлүүд. Мөн дэлгэцгүй цагийг зөвхөн хориг болгон хэрэгжүүлэхээс илүүтэй, түүний оронд юу хийхээ төлөвлөх нь үр дүнтэй. Хамтдаа алхах, хоол хийх, тоглох, ярилцах зэрэг бодит үйл ажиллагаа нь утаснаас хол байх хугацааг шийтгэл бус, боломж болгон хувиргаж чадна. Дэлгэц унтарсан ч амьдрал үргэлжилнэ Технологи бидэнд асар их боломж өгсөн. Алс хол байгаа хүмүүсийг холбож, мэдлэг мэдээллийг цаг алдалгүй хүргэж зарим ажлыг хөнгөвчилсөн. Үүнийг үгүйсгэх нь бодит байдлаас зугтсан хэрэг болно. Гэвч технологийн дэвшлийг хүний амьдралын салшгүй нэг хэсэг гэж андуурч болохгүй. Илүү хурдан мэдээлэл авдаг болсноороо бид илүү ойлголцдог болсон гэсэн үг биш. Илүү олон хүнтэй холбогдсоноороо бид ганцаардлаас ангижирсан гэсэн үг биш. Илүү олон зураг, бичлэг хадгалснаар дурсамж бүрээ утга учиртай болгосон гэсэн үг ч биш. Эцсийн эцэст асуудал утас бидний гарт байгаад бус, бидний анхаарал хаана байгаад оршино. Бид технологийг удирдаж сурсанаар удирдлагыг гартаа авч чадна. Харин анхаарал, цаг хугацаа, харилцаагаа бүхэлд нь түүнд даатгавал өөрсдийн амьдралын идэвхгүй үзэгч болж мэднэ. Тиймээс энэ нийтлэл утас хэрэглэдэг хүн бүрийг буруутгах гэсэнгүй. Харин өдөр тутмын зуршлаа нэг удаа эргэн хараасай гэж хүсэж байна. Өнөөдөр хэн нэгэнтэй уулзахдаа утсаа түр хол тавиад үз. Хажууд байгаа хүнийхээ яриаг дуустал сонс. Хүүхэдтэйгээ хамт тогло. Ээж, аав руугаа залгаж, тэдний өдөр хэрхэн өнгөрснийг асуу. Заавал зураг авч, нийтэлж, бусдад харуулахгүйгээр сайхан мөчийг өөртөө үлдээ. Учир нь амьдрал бидний дэлгэцэн дээр гарч ирдэг мэдэгдэл биш. Ухаалаг утасны дэлгэц хэзээд бэлэн байдаг харин хажууд байгаа хайртай хүмүүс маань хэзээ нэгэн цагт ярихаа больж, биднээс үүрд холдож болно. Харилцаагаа гээсэний дараа дэлгэцээ хэдэн ч удаа унтраагаад нэмэргүй биз.
Эцэст нь ганц асуулт.
Та утсаа ширтэж өнгөрүүлсэн энэ цагт амьдралынхаа юуг анзааралгүй өнгөрөөсөн байна вэ?

Сурвалжлагч: Ө.Хулан










