Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд энэ онд халаалт авахад бэлэн болсон 31 блок барилга Сэлбэ дулааны станцад холбогдож, дулааны эрчим хүчээ авч эхэллээ. Ингэснээр өвлийн улиралд барилгын дотор заслын ажлыг үргэлжлүүлэх инженерийн үндсэн нөхцөл бүрдэж байна. Одоогоор зарим блокт дотор заслын ажил эхэлсэн бөгөөд бусад барилгад ажлыг үе шаттайгаар эхлүүлэхээр бэлтгэж байна.

Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг Сэлбэ болон Дамбадаржаа гэсэн хоёр эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид буюу энэ онд Сэлбэ дулааны станцаас дулаан авч байгаа бөгөөд тус станц 2021 онд ашиглалтад орсноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Сэлбэ дулааны станцын захирал Ч.Дарханбаатар хэлэхдээ “Манай станц одоогоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрх, аж ахуйн нэгж зэрэг нийт 52 байгууллагыг тасралтгүй дулаанаар хангаж байна. Энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд станцад урсгал болон их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Одоо Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн барилгуудын дулаан хангамжийг ханган ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

Харин Сэлбэ дэд төвийн хяналтын инженер Ц.Төвшинтөр бүтээн байгуулалтын явц болон инженерийн шугам сүлжээний ажлын талаар “2026-2027 оны халаалтын улиралд бэлэн болсон барилгууд маань эхнээсээ дулаанаа авч байна. Ингэснээр энэ өвөл дотор заслын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Суурь дэд бүтэц болох халаалтын нэгдүгээр хэлхээний шугам болон ус, дулаан дамжуулах төвүүдийн барилга угсралтын ажлыг 2021 онд хийж гүйцэтгэсэн. Харин энэ онд төслийн төлөвлөгөөний дагуу халаалтын хоёрдугаар хэлхээ болон ус хангамжийн шугам сүлжээний угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна” гэлээ.











