Сүүлийн арван жилийн хугацаанд Улаанбаатар хотын автомашины тоо гурав дахин өсөж, нийт өрхийн 70 гаруй хувь нь суудлын автомашин эзэмших болсон байна. Харин энэ хугацаанд авто замын сүлжээ ердөө 19 хувиар нэмэгдсэн нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэх гол шалтгаан болжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.4 цагийг авто замын түгжрэлд зарцуулж байна. Энэ нь жилдээ 35 хоногийг үр ашиггүй өнгөрүүлж байгаа гэсэн тооцоо юм.
Түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлж, үйлчилгээний чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд “Улаанбаатар Трам” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн нэгдүгээр шугам нь “Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай” чиглэлд 11 км урттай, 16 зогсоолтой байх бөгөөд хоёрдугаар шугам нь “Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай” чиглэлд 15 км урттай, 23 зогсоолтой байхаар төлөвлөгдсөн байна.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Ингэснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах томоохон дэд бүтцийн төсөл болох юм.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан энэхүү төсөл нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг дэмжих, нийтийн тээврийн шинэ тогтолцоог бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөлд тооцогдож байна. Төслийн байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дуусаад байна.
Трамвай нь тогтсон цагийн хуваарийн дагуу зорчдог, цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг тул ашиглалтын зардал багатай, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөлд тооцогддог. Түүнчлэн дуу чимээ болон хорт утааны ялгаруулалт бага, зорчигч тээвэрлэх хүчин чадал өндөр учраас нийтийн тээврийн ачааллыг бууруулж, хувийн автомашины хэрэглээг хязгаарлахад чухал нөлөө үзүүлэхээр байна.









