Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.08.25/ эхэллээ.
Энэхүү дээд түвшний парламентын форум нь гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм.
Форумд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, П.Батчимэг, Б.Бейсен, Э.Болормаа, Б.Жаргалан, Г.Ганбаатар, Г.Лувсанжамц, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, П.Наранбаяр, С.Одонтуяа, Р.Сэддорж, Д.Цогтбаатар, А.Ундраа, Б.Уянга, Б.Хэрлэн, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди болон нийт 23 орны 25 парламентын гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт форумыг нээж, үг хэлсэн. /бүрэн эхээр нь эндээс/
Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, дэлхийн эмзэг экосистем, нүүдлийн мал аж ахуйг хамгаалах үйлсэд оруулж буй бидний бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр бид “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн дор чуулж буй нь ердийн нэг уулзалт бус, цаасан дээрх тунхаглалаас татгалзаж, хууль эрх зүй, төсвийн бодит хөшүүргээр эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм гэж байлаа.
Парламентын баталсан хууль, төсөв бүр хүн, байгалиа хамгаалж, хяналт бүр нь тайлан сонсоод өнгөрөх бус бодит үр дүнг нэхдэг байхад чиглэх ёстой гэв.
Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг тунхаг төдий бус хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулж, саяхан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахын зэрэгцээ Ой, Ус, Хөдөө аж ахуйн хуулиудыг цогцоор нь шинэчилж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт зөвхөн ажиглагч бус, бодитой шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байгааг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.
Түүнчлэн парламентын хяналтыг шинэ шатанд гаргаж, байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн “Үр дүнгийн платформ”-ыг нэвтрүүлэн, айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байгааг С.Бямбацогт дарга хэлсэн үгэндээ тодотгоод бид уур амьсгал, ус, газар, бэлчээрийг том зургаар нь, нэгдмэл тогтолцоогоор харж, манлайллыг бодит үйлдлээр батлан харуулахыг зорьж байна хэмээлээ.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн форумаас гарах зөвлөмж, аргачлалыг амьгүй цаас болгож үлдээлгүй, улс үндэснийхээ хууль бодлого, төсөв санхүүд тусган хэрэгжүүлэхийг уриалав.
Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди үг хэлэв.
Тэрбээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс өндөр түвшинд зохион байгуулж, энэхүү парламентын түвшний дээд хэмжээний чуулга, уулзалт өргөн хүрээнд болж буйг онцлон тэмдэглээд форумын үр дүнд парламентын шийдвэр бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар га газрыг нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан хэдий ч одоогийн байдлаар ердөө 20 хувь буюу 200 сая га газрыг нөхөн сэргээгээд байгаа тул энэхүү дээд түвшний парламентын форумыг зохион байгуулж байна гэв.
Эцэст нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах түвшинд хийж, хэрэгжүүлэх олон асуудлууд байгааг Мурали Туммарукуди онцлоод гэхдээ Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Форум “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлгээр үргэлжилж байна.












