
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр (2026.11.10) тохиож байна.
Энэ өдрийг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.




Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг энэ өдөр хуралдуулахаар товлосон. Түүнчлэн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн түүхэн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолыг баталсан юм.




Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон байдаг. Монгол Улсын Их Хурал 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг нийтээр тэмдэглэн, бүх нийтээр амрах өдөр болгон хуульчилсан юм.












