
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ой өнөөдөр /2026.11.10/ Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр тохиож байна.
Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 10 цаг 00 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд эхлэв.

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсын Их Хурлын үе үеийн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, төр, нийгмийн зүтгэлтнүүд, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт шагналтууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцлоо.



Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдэхэд Төрийн дуулал эгшиглэн Улсын Их Хурлын гишүүд, хүндэтгэлийн хуралдаанд оролцож буй зочид, төлөөлөгчид суудлаасаа босч хүндэтгэл үзүүлэв.
Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэв.(бүрэн эхээр нь эндээс)

Тэрбээр эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа нийт монголчууд, эсгий туургатан элгэн түмэндээ баярын мэнд дэвшүүлээд, өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр гэдгийг онцолж байлаа.
820 жилийн тэртээ Алтай, Хангай, Хэнтий, Саяны их нурууд, говь, талын уудам орон зайд тархсан мөнх тэнгэрийн үр садыг Чингис хаан нэгэн жолоонд нэгтгэн, монголчуудын төрт ёсны шинэ түүхийг өртөөлж Их Монгол Улсыг байгуулсан билээ. Энэхүү их үйл хэргийн тэгш дүүрэн ой өнөө жил тохиож буй нь Монгол бахархлын өдрийн утга агуулга, ач холбогдлыг өндөрт өргөж буй хэрэг юм гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Мөн тэрбээр, Өнөөдөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, жинхэнэ утгаараа ард түмний засаглах индэр байж, олон ургалч үзэл, зөвшилцөл, парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэндээ ээлтэй, ил тод, иргэдийн оролцоотой, тэдний хяналт бүхий “Нээлттэй парламент”-ыг төлөвшүүлэх үйл хэргийг эхлүүлээд байна. Найман зууны өмнө монголчууд Их Хуралдайдаа төрийн чухал асуудлаа хэлэлцдэг байсан бол өнөөдөр Монголын ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныхоо хувь заяа, хөгжлийн бодлогыг шийдвэрлэхэд оролцож буй нь бидний төрт ёсны түүхийн их өв сан, үе дамжин өртөөлөх үнэт зүйл мөн гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурал өвөг дээдсийнхээ энэхүү үнэт өв уламжлалыг бахархан үргэлжлүүлж, өнөө цагийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан ажиллах үүрэгтэйг дурдаад, өнөөгийн парламентын мөн чанар нь ард түмний итгэл, хууль тогтоомжийн чанар, төрийн бодлогын залгамж, улс орны ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаар илрэх учиртай хэмээв.
Төрийн түшээд бид өвөг дээдсийнхээ алсын хараа, төр засах ухааныг өвлөн тусгаар тогтнолоо бататгаж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулж, ард түмний итгэлийг үйл хэргээрээ хариулах нь бидний түүхэн үүрэг мөн бөгөөд хойч үедээ бүрэн улс, бүтээмжтэй засаглал, хүчирхэг төрийг өвлүүлэх эрхэм хариуцлага гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэсэн юм.


Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд хүчирхэг Монгол Улсын нэрийг мөнхөлсөн. Харин бидний үеийнхний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох явдал юм. Тиймээс Монгол Улсын Их Хурал Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Их Монгол Улсынхаа түүхэн өвийг судлан шинжлэх, хүүхэд залуучуудад эх түүхийн мэдлэг, эх оронч үзэл, үндэсний бахархлыг зүрх сэтгэлд нь шингээн төлөвшүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүх шастир, алдар сууг монгол хүн бүр дээдлэн хүндэтгэж, эрхэмлэн дэлгэрүүлэх тухай гүн утга агуулга бүхий тогтоолыг хэлэлцэн баталсныг Улсын Их Хурлын дарга дурдав.

Мөн Улсын Их Хурлын энэ шийдвэрийг түүхэн ойд зориулсан тогтоол гэхээс илүүтэй, илүү өргөн цар хүрээнд харж, монгол хүн бүрийн үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх соёлын өвийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг сэрээх, хойч үедээ өвлүүлэх бодит үйл хэргийн эрх зүйн үндэс гэж үзэж хэрэгжүүлбэл зохино гэлээ.
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Их Монгол Улсын түүх, Эзэн Чингис хааны суу алдар, өвөг дээдсийнхээ төрт ёсны үнэт өвийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдлээ бататган бэхжүүлж, дэлхийн улсуудтай найрсаг, энх тайвнаар зэрэгцэн оршиж, тусгаар тогтносон Монгол Улсаа улам хөгжүүлэн хүчирхэгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе хэмээн уриалав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. (бүрэн эхээр нь эндээс)
Тэрбээр хүн төрөлхтний түүхэн дэх аугаа удирдагч, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, мянганы суут хүмүүн, монгол түмний өнө мөнхийн бахархал, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 820 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, Чингис хаан бол Монгол үндэстний тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн Их эзэн хаан гэдгийг онцолж байлаа.

2005 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн олон улсад тэмдэглэн өнгөрөөхийг гишүүн орнууддаа уриалсан тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд “Их Монгол Улс Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ Өрнө, Дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэснийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тодотгосон.

Мөн та бидний тусгаар тогтносон улс гэр, эрх чөлөө, өргөн уудам газар нутаг, хүн ард, бахархалт түүх соёл бол Их хааны алдар гавьяатай салшгүй холбоотой гэдгийг үеийн үед санаж, Эзэн хааныхаа билиг сургаалыг дагаж мөрдөх ёстойг тэмдэглээд, монголчууд бид Эзэн хааныхаа билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, чандлан мөрдөж, төр улс, түмэн олноороо улс монголынхоо төлөө хичээн зүтгэж, хувь заяандаа эзэн болох аваас их үйлсийг бүтээж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлж чадна гэв.

Хүндэтгэлийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын чуулганы 2026 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоол баталсныг дурдаад, уг тогтоолын эцсийн найруулгыг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан.
Өнөөдрөөс эхлэн хэрэгжиж буй уг тогтоолд Их Эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор дараах хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.

Тухайлбал, Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, энэ чиглэлээр хийж байгаа эрдэм шинжилгээний бүтээлийг дэмжих, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгажээ.
Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээлийг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улс оронд хадгалагдаж байгаа бичмэл эх сурвалжийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг эх орондоо татаж авах, Монгол Улсын түүхийн сан хөмрөгт бүртгэж, шинжлэх ухаан, судалгааны эргэлтэд оруулах арга хэмжээ авах үүргийг энэхүү тогтоолоор Засгийн газарт хүлээлгэсэн байна.

Түүнчлэн Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай санг Засгийн газар байгуулах бөгөөд уг сангийн хөрөнгөөр Их эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах юм.
Их Эзэн Чингис хааны түүх, Монгол Улсын төрт ёсны өв, Монгол төрийн үүсэл, хөгжилтэй холбоотой ном, түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээл, кино, урлаг, соёлын арга хэмжээ, үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг тогтоолоор Засгийн газарт даалгажээ.

Их Эзэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их Эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав, баглаа, боодолд аливаа хэлбэрээр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг мөн Засгийн газарт даалгасан байна.
Үүгээр Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөв.















