Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” Олон Улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулагдах Хүннү хотын суурь – Дэд бүтцийн ажлууд эрчимтэй явагдаж байна. Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрч, 80 мянган ажлын байр бий болох бөгөөд “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүсийг төлөвлөсөн.
Хүннү хотын суурь болох Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсон. Тухайлбал, Цахилгаан хангамжийн 220/110/35 кВ-ын “Сэргэлэн” дэд станцын бүтээн байгуулалт 100% дуусч, Улсын комисс хүлээн авсан.
Монгол Улсын эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг болох энэхүү дэд станцыг нийт 6.4 га талбайд барьсан бөгөөд нийт 250 МВА суурилагдсан хүчин чадалтай, 220/110/35 кВ-ын гурван хүчдэлийн түвшний бүрэн ухаалаг, дижитал шийдэлтэй аж. Төслийн барилга угсралтын ажлыг 2023 оны есдүгээр сард эхэлж, 2026 оны есдүгээр сард Улсын комисс ажиллан, байнгын ашиглалтад хүлээн аваад байна.
Сэргэлэн дэд станц нь зөвхөн Хүннү хотын цахилгаан хангамжийг шийдвэрлэхээс гадна бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чухал зангилаа, транзит станц болно. Тухайлбал, 220 кВ-ын талаас Сонгино дэд станцаас цахилгаан эрчим хүчээр тэжээгдэхийн зэрэгцээ Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Сэргэлэн, Городок болон бусад чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамуудыг холбох боломжийг бүрдүүлж байна.
Сэргэлэн дэд станцын гүйцэтгэгч “Рийч Вийл Инженеринг” ХХК-ийн талбайн инженер Б.Мягмарсүрэн “Манай төсөл нийт 6.4 га талбайд баригдсан бөгөөд 220/110/35 кВ-ын гурван хүчдэлийн түвшинтэй, тус бүр нь 125 МВА хүчин чадалтай хоёр трансформатор суурилуулсан, бүрэн ухаалаг дижитал дэд станц юм. Төслийн газар шороо, барилга угсралтын ажил 2023 оны есдүгээр сард эхэлж, 2026 оны есдүгээр сард улсын комисс ажиллан, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д байнгын ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. Одоогийн байдлаар Бөөрөлжүүт болон Сонгино дэд станцаас хоёр шугам холбогдсон. Мөн 110 кВ-ын талаас Аэро сити чиглэлд нэг шугам холбогдоод байна. Ирэх онд Баян сум руу 330 кВ-ын шугам холбохоор барилга угсралтын ажил хийгдэж байгаа. Бүтээн байгуулалтын ид үед нийт 50 орчим хүн ажилласан. Манай хамт олон энэхүү томоохон төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Сэргэлэн 220/110/35 кВ-ын дэд станц ашиглалтад орсноор Хүннү хотын бүтээн байгуулалтын эрчим хүчний суурь дэд бүтэц бүрдэхээс гадна Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг холбох, дамжуулах сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, цаашдын хотжилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийг эрчим хүчээр дэмжих чухал ач холбогдолтой” хэмээв. Тус төсөлд нийт 400 гаруй тоног төхөөрөмж, тоноглол суурилуулсан бөгөөд орчин үеийн автоматжуулалт, удирдлага, хяналтын дижитал системээр тоноглогджээ.

Хүннү хотын бусад дэд бүтцийн төслүүдийн явцаас мэдээлье.
· Төмөр замын бүтээн байгуулалт 100% дуусч, төмөр замын тээвэр эхэлж, туршилтын ажил үргэлжилж байна.
· Мэдээлэл холбооны 41,5 км урт бүхий худаг, сувагчлал бүхий шилэн кабелийн сүлжээний ажил 100% дуусч, Улсын комисс хүлээн авсан.
· Цахилгаан хангамжийн 35/10 кВ-ын “Хөндий” дэд станцын ажил 100% дуусч, Улсын комисс хүлээн авсан.
· Үерийн хамгаалалтын нэгдүгээр далан сувгийн ажил 100% дуусч, Улсын комисс хүлээн авсан.
· Цахилгаан хангамжийн 110/35/10 кВ-ын “Аэросити” дэд станцын бүтээн байгуулалт 80%
· Дулааны эх үүсвэрийн “Хүннү эко дулаан-2” 5 МВт-ын хосолмол эх үүсвэртэй дулааны станц 40%
· Ус хангамжийн 2,000 м³/хоног хүчин чадалтай усан сан, шугам сүлжээний ажил 85%
· Ариутгах татуургын 3,000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламж 50%-тай хэрэгжиж байна.












