Их Засаг хуулийн түүхэн өв, хууль засаглах ёсны үнэт зүйл, орчин үеийн эрх зүйн хөгжилд үзүүлж буй ач холбогдлыг хэлэлцсэн “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хуралд өнөөдөр (2026.11.09) Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан ““Их засаг” ба Монголын эзэнт гүрний эрх зүйн универсализм: 13 дугаар зууны эрх зүйн сэтгэлгээ, олон улсын дэг журам” сэдвээр илтгэл тавилаа. (Хурлын өмнөх илтгэлүүдийг эндээс)
Аливаа улс оршин тогтнож, төрийн нэгдмэл байгуулал бүрэлдэн төлөвшихөд нийтлэг үнэт зүйл, дэг журам, түүнийг сахин мөрдөх эрх зүйн ухамсар, сэтгэлгээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон улс, үндэстэн, хэл, шашин, соёл иргэншлийг нэгтгэсэн эзэнт гүрний хувьд нийтлэг дэг журам тогтоох, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт нь төрийн нэгдмэл байдал, тогтвортой оршин тогтнох үндсэн нөхцөлийн нэг болж байсан хэмээн тэрбээр өмнөтгөлдөө дурдсан юм. Түүнчлэн 13 дугаар зуун бол дэлхийн төр, эрх зүйн сэтгэлгээний түүхэнд онцгой өөрчлөлт гарсан үе бөгөөд тухайн цаг үед Их Монгол Улс байгуулагдаж, улмаар Евразийн өргөн уудам газар нутаг, олон улс, үндэстнийг нэгтгэсэн Монголын эзэнт гүрэн бүрэлдэн тогтсон хэмээв. Их Засаг хэмээх нэр томьёоны гарал үүслийг хөөн үзвэл Монгол хэлний Евроазийн эртний соёлт улс орнуудын хэлэнд “зөв ёс”, “засах”, “удирдах”, “эрх”, “эрх зүй” гэсэн ойлголтуудтай утга дүйж, нягт холбогддог. Гэхдээ илүү нарийвчлан судлах шаардлагатай гэж дүгнэснээ сэдэв бүрд онцолж байв. Илтгэл нь “XIII зууны эрх зүйн сэтгэлгээ, эрх зүйн универсализмын тухай ойлголт”, ““Их засаг”-ийн эрх зүйн эх сурвалж, Монголын төрийн нэгдмэл дэг журам”, “Төрийн эрх мэдлийн универсал шинж”, “Универсал эрх зүйн үзэл санаа, олон улсын дэг журам”, “Монголын эзэнт гүрний эрх зүйн универсализмын бодит үйлчлэл, олон улсын дэг журам” гэсэн таван хэсгээс бүрджээ. Их Засаг хууль нь хүн төрөлхтний түүхэн дэх эрх зүйн универсализм буюу дэлхий дахины шинжтэй хууль цаазын үзэл санааны тод илрэл юм. Эрх зүйн универсализм гэдэг нь зөвхөн тухайн улсдаа төдийгүй, харьяа болон гадаад орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны нийлбэр цогц, олон улсын харилцааны нэгдмэл дэг журам ажээ. Улс орнуудын хууль тухайн бүс нутагтаа л ач холбогдолтой байсан бол Их Засаг хууль Евразийн эх газрыг бүхэлд нь хамарч, өргөн хүрээнд үйлчилсэн онцлогтой. Энэхүү хуулийн үндсэн зарчмууд болох төр байгуулах, төр засах ёс, аж байдлын болон эрүүгийн цааз нь бусад улс оронд үлгэр загвар болон хэрэгжиж ирсэн түүхтэйг санууллаа. Геополитикийн хувьд тухайн үед универсал эрх зүйг хэрэгжүүлсэн хоёр гол хүчин нь Их Монгол Улс болон Ромын эзэнт гүрэн байв. Ромын эзэнт гүрэн мөхсөн ч Ромын пап шашны асуудлаар Европ дахинд нийтлэг хэм хэмжээг тогтоосон бол Монголын эзэнт гүрэн төрийн бодлогоор энэхүү дэг журмыг сахиулсанаараа онцлогтой. 1246 онд Гүюг хаанаас Ромын папд илгээсэн захидал болон Аргун хаанаас Францын Гоо Филипп ванд бичсэн захидал зэрэг нь олон улсын харилцааны универсал шинжийг илэрхийлэх эрх зүйн чухал баримтууд юм. Эдгээр харилцан бичигт эрх зүйн талаас задлан шинжилгээ хийхэд Их Засаг хууль нь дэлхийн эрх зүйн универсализмын үндэс суурийг тавьсан болох нь харагддаг. Их Монгол Улсын бүрэлдэхүүн улсууд болох Юань, Зүчийн улс (Алтан Орд), Ил хаадын улс болон Цагаадайн улсууд Их Засгийн үндсэн зарчим, үнэт зүйлийг өвлөн авч хэрэгжүүлсэн. Тэд өөрсдийн бүс нутгийн онцлогт тохирсон хууль тогтоомжийг гаргахдаа Их Засгийн үзэл санааг суурь болгож, орон нутгийн хууль цаазтай уялдуулан баяжуулж байв. Эрх зүйн нэгдмэл чанар болон олон ургальч байдал нь тухайн улс орнуудын төрийн тогтвортой байдал, энх амгаланг цогцлоох үндэс болжээ.
Монголын эзэнт гүрний эрх зүйн универсализмын үзэл санааг 3 түвшинд судлах санал дэвшүүллээ

Монголын төрийн эрх мэдлийн тухай ойлголтод Мөнх Тэнгэрийн үзэл санаа онцгой байр суурь эзэлж ирснийг илтгэгч Д.Лүндээжанцан өгүүлэв. Тэрбээр, Чингис хаан болон түүний залгамжлагчдын эрх мэдлийг Мөнх Тэнгэрийн хүчинтэй холбон үзсэн нь хааны эрх мэдлийн хууль ёсны үндэслэл, түүний универсал шинжийг тайлбарлах улс төр, эрх зүйн үзэл санаа болж байжээ гэв. Төрийн эрх мэдлийн хууль ёсны байдлыг (легитим) түүхэн үүднээс авч үзэхэд түүний дотоод болон гадаад шинжийг ялган судлах шаардлагатай юм. Дотоод шинж нь тухайн нийгмийн хүрээнд төрийн эрх мэдэл ямар үндэслэлээр тогтож, хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгаатай холбогдоно. Гадаад шинж нь тухайн улс, түүний захирагчийн эрх мэдэл өөр улс, улс төрийн институцтэй харилцахад ямар байр суурь эзэлж, хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгаагаар илэрнэ. Монголчууд эртнээс дээд тэнгэрийг тахин шүтэж, эзэн хаанаа тэнгэрийн хүү хэмээн (Чэнли Гүтү) өргөмжилж, энэ талаар улс төрийн бүхэл бүтэн сургаалыг бий болгосон бөгөөд үүнийг судлаачид Тэнгэрийн үзэл буюу тэнгэризм гэж нэрлэх болжээ. Энэ нь Их Монгол улсын төрийн үзэл суртлын үндэс болж байв. Чингис, Өгэдэй, Гүюг хааны үед тэнгэрт шүтсэн бөөгийн үзэл ноёрхож байсан бол Мөнх хааны үеэс тэнгэрийн доорх бүхнийг захирна хэмээх тэнгэрчлэх үзэл болон хөгжсөн байна гэсэн юм. Монголын эзэнт гүрний эрх зүйн универсализмын үзэл санааг “эрх мэдлийн нийтлэг шаардлага, түүнийг хэрэгжүүлэх бодит институци, өөр улс, үндэстний хүлээн зөвшөөрөх байдал” гэсэн харилцан холбоотой гурван түвшинд судлах саналыг илтгэгч дэвшүүллээ. Эцэст нь, 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний эрх зүйн универсализмын түүхэн ач холбогдол нь их хааны эрх мэдлийг нийтлэг хэмээн үзэх үзэл санааг төрийн засаг, зарлиг, захиргаа, шүүн таслах ажиллагаа, дипломат харилцааны байгууллаар дамжуулан хэрэгжүүлэхийг зорьж, Евразийн өргөн уудам орон зайд олон улс, үндэстний харилцааг нэгэн дэг журамд холбосонд оршино. Энэхүү үзэл санаа, түүний бодит хэрэгжилт, эрх зүйн олон янзын уламжлалтай харилцан үйлчилсэн түүхийг судлах нь 13 дугаар зууны Монголын эрх зүйн сэтгэлгээний дэлхийн эрх зүйн түүхэнд эзлэх байр суурийг тодорхойлох чухал үндэс болж байна хэмээв.


Ц.Цэрэндорж “Тогоон Төмөр хааны хуулийн бичиг (Жижэн тяогэ)”-ийг Их Засаг хуультай андуурч болохгүй”
Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж “Тогоон Төмөр хааны хуулийн бичиг (Жижэн тяогэ)”-ийн үнэ цэн, ач холбогдол” сэдвээр илтгэхдээ, дэлхий дээрх биет байдлаарх цорын ганц эх бичиг болох хоёр дэвтэр хуулийн бичиг 2003 онд БНСУ-ын Кйөнжү хотын Сонъ овогтын гэрээс олдсон байдгийг онцоллоо.

Энэхүү бичиг гурван хэсгээс бүрддэг. Бичгийг сэргээн засварлахын зэрэгцээ судалгааны эргэлтэд оруулсан бөгөөд хоёр боть болгон хэвлүүлжээ. Тогоон Төмөр хааны хуулийн бичиг нь Тан улсын үед бүрэлдэн бий болсон эрх зүйн дөрвөн хэлбэр бүхий хууль нь дорно дахинаа хуулийн үндэс суурьт нөлөөлсөн. Анхаарууштай нь уг бичгийг Их засаг хуулийн эх хувь олдсон тухай андууран мэдээлж ирснийг залруулах шаардлагатайг илтгэсэн юм. Хорь гаруй жилийн өмнө олдсон түүх, соёлын эх сурвалжийг олон улсын хамтарсан, мэргэжлийн баг ажиллаж, орчуулах учиртай. Түүхийг хэт үечилж, цаг хугацаагаар хуваах бус туушид нь үзэх чухал байна гэлээ.


Илтгэлүүдийг сонссоны дараа хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал, сэтгүүлч Ш.Хишигсүрэн хууль тогтоох дээд байгууллагаас оюуныг дээдэлсэн, түүхийн өвийг сэргээн хөндсөн арга хэмжээг санаачлан зохион байгуулсанд талархал илэрхийлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг захив.

Тэрбээр Их засаг хуулийн ач холбогдлыг илтгэсэн эрдэмтэн, судлаачдаас өнөөгийн хууль засаглахуйн тухай тодруулахад, академич С.Нарангэрэл, хойч үе, эх орон, нэр төрөө сэвтээхгүй авч явах тухай, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр, манай улсын хууль Хархорум хотод батлагдаж, гурав хоногийн дотор улс даяар түгдэг байсан учраас “Монголын хууль гурав хоногт” хэмээх хэллэг үүссэнийг, Их засаг их сургуулийн ректор, доктор Н.Ням-Осор, “Их засаг” хуулиас засаглахуй гэх ухагдахуун урган гардаг, энэ чиглэлд өргөн хэмжээний судалгааг эхлүүлэх шаардлагатайг, Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан, хишигтэн, хэвтүүл зэрэг ойлголтууд нь гүйцэтгэх засаглалын үүрэг бүхий төрийн албан тушаалтнууд байсан гэдгийг, академич Ц.Цэрэндорж, Монгол Улс өөрийн орны онцлогт нийцсэн хууль боловсруулж, батлах нь чухал байгааг онцолсон юм.

Илтгэлд дурдагдсан асуудалтай холбогдуулан хэл зүйн ухааны доктор, профессор Б.Сумъяабаатар тайлбар хэлэхдээ, Их Засаг хууль БНСУ-аас олдсон нь үнэн. Гэхдээ онц цагийг сайн анзаараарай. Манай улсаас 1280 онд Солонгост аваачсан байдаг. Зарим эх сурвалжийг миний бие 1980-аад онд орос хэлнээ хөрвүүлсэн. Монголын хаадаас гурван удаа хууль цаазын бичиг илгээхдээ, манай Чингис хааны хуулинд ингэж заасан гэсэн нь лавтай Их Засаг хууль мөн гэв. Тухайн үедээ их нарийн зохицуулалттай гэгдэж байсан Их Засаг бол олон улсын харилцааны хууль юм. Тиймээс Солонгос Улсаас Их Засаг хууль олдоогүй гэдэг нь ташаа ойлголт хэмээв.

Харин академич, Этүгэн их сургуулийг үүсгэн байгуулагч С.Нямзагд, Их Засаг хуулийг анх удаа өргөн хүрээнд хэлэлцэж, хиймэл дагуулыг том тойрог замд оруулсан мэт үйл явдал боллоо гээд талархал илэрхийлсэн юм.

Эрдэм шинжилгээний хурлын чиглүүлэгч, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хурлын үр дүнг тоймлон тэмдэглээд, эхнээс нь дуустал идэвхтэй оролцсон УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Б.Баярбаатар, Б.Мөнхсоёл, Ж.Золжаргал нарыг онцлон дурдав. Мөн өнөөдрийн илтгэлүүдийг хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд анхаарах болно гэсэн юм.
Л.Өлзийсайхан: Их Засгийг дэлхийн эрх зүйн түүх, онолын бие даасан судлагдахуун болгож, Монголын эрх зүйн түүх, уламжлалыг олон улсын түвшинд гүнзгийрүүлэн судлах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор(Ph.D), профессор Л.Өлзийсайхан хааж үг хэлэв. Тэрбээр, Монголын эрх зүйн түүхийн үнэт өвийг шинжлэх ухааны үүднээс эргэцүүлэн дүгнэж, дэлхийн эрх зүйн хөгжилд эзлэх байр суурийг нь тодруулахад чухал хувь нэмэр оруулсныг дурдаад, цаашид гүнзгийрүүлэн судлах олон чухал асуудлыг хөндөж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээсэн үр дүнтэй арга хэмжээ болсныг онцлов.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ, Их Засаг бол бүрэн эхээрээ биш ч дундад зууны түүхийн олон сурвалжид баттай тэмдэглэгдэн үлдсэн Монголын анхны бичмэл хууль гэж үздэг. Гэхдээ Их Засаг нь өнөөгийн бидний ойлгодог “хууль” гэсэн ойлголтоос илүү өргөн агуулгатай байжээ. Тодруулбал хааны зарлигаар хууль болон хуульчилсан актыг заргаар, шүүхийн жишгийг ёс суртахуунаар, хэв хуулийн буюу заншлын хэм хэмжээг илэрхийлсэн харилцан уялдаа холбоо бүхий тогтолцоо байсныг онцолж байна. Иймд Их Засгийн талаарх түүхэн эх сурвалж хожмын тайлбар сэргээсэн хувилбаруудыг ялган судалж, эх сурвалжийг нэгтгэсэн эмхэтгэл гаргах санал дэвшүүлсэн нь Монголын эрх зүйн түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна хэмээгээд, Монголын эзэнт гүрний үеийн эрх зүйн сэтгэлгээ дэлхийн эрх зүйн түүхэнд үзүүлсэн нөлөөг харьцуулан судлах шаардлагатайг хөндлөө. Их Засаг нь Пакс Монголиа буюу Монголын их амар амгалан тогтоход чухал үүрэг гүйцэтгэсэн эрх зүйн үндэс байсныг онцоллоо. Монголын эзэнт гүрний өргөн уудам нутаг дэвсгэрт нийтлэг дэг журмыг тогтоож, төрийн удирдлага, худалдаа, харилцааны тогтвортой байдлыг хангахад түүхэн хувь нэмэр оруулжээ. Иймд Их Засгийг дэлхийн эрх зүйн түүх, мөн эрх зүйн онолын бие даасан судлагдахуун болгон авч үзэж Монголын эрх зүйн түүх, уламжлалыг олон улсын түвшинд гүнзгийрүүлэн судлах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Энэ хурлаар Их Засгийн ёс суртахууны үндэс хууль ба шударга ёсны харилцан хамаарал, түүний үзэл санааг тодруулбал тэгш байдал, хүмүүжил, ёс заншил, нийгмийн харилцаатай холбон тайлбарласан нь анхаарал татаж байна. Эндээс хууль зөвхөн хэм хэмжээ тогтоосон дүрэм, хориглолтын нийлбэр бус нийгмийн үнэт зүйл, ёс суртахуун, шударга ёсны талаарх ойлголттой салшгүй холбоотой болох нь харагдаж байгаа юм. Ийм учраас хуулийн зорилго үр нөлөөг түүний агуулгаар нь бус, бодит амьдралд хэрхэн хэрэгжиж, хүний эрх, шударга ёсыг хэрхэн хангаж байгаагаар үнэлэх учиртайг сануулж байна гэлээ.
Эцэст нь Их засгийн түүхэн уламжлалыг орчин үеийн эрх зүйт ёсны зарчимтай холбон судлахын ач холбогдлыг тодорхойллоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Энэхүү зарчмыг бодитой хэрэгжүүлэхэд парламент онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хууль тогтоох үйл ажиллагаа нь Үндсэн хууль хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн судалгаа, нотолгоо, иргэдийн оролцоонд тулгуурласан байхыг шаардаж байна. Зүй ёсны энэхүү шаардлагад нийцэж ажиллахад үндэсний төрт ёс, эрх зүйн түүх, уламжлал сэтгэлгээ, соёлоо гүнзгий танин мэдэх нь чухал юм. Учир нь хууль тогтоомж нь зөвхөн эрх зүйн шаардлагад нийцэхээс гадна нийгмийн үнэт зүйл ард түмний шударга ёсны талаарх ойлголт төрд итгэх итгэлтэй уялдаж байж бодит амьдралд үр нөлөөтэй хэрэгжих учиртай. Энэ утгаараа өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал Монголын эрх зүйн түүхэн өвийг судлан хэлэлцсэн төдийгүй түүний өнөөгийн ач холбогдлыг тодотгосон чухал арга хэмжээ боллоо хэмээн тэмдэглэв.
Түүнчлэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, эрдэмтэн, судлаачдын мэдлэг, судалгааны үр дүнг нэгтгэн Монголын эрх зүйн түүхийг олон улсын түвшинд харьцуулан судлах шинэ эх сурвалж нээн илрүүлж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурийг бид тавьж чадлаа хэмээн онцлов. Иймд Монгол УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн энэ чиглэлийн судалгааг дэмжиж, үр дүнг нь парламентын судалгаа, хууль тогтоох үйл ажиллагаанд ашиглахад анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.












