Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сайншанд” агаарын навигацийн төвийн төслийн талбайд /2026.11.08/ ажиллаж, тус төвийг шуурхай ашиглалтад оруулахыг албаныханд үүрэг болгов.
Манай улс нислэгийн хөдөлгөөнийг зөвхөн Улаанбаатар хот дахь ганц төвөөс удирдаж ирсэн. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын эрх зүйн баримт бичиг, конвенцод агаарын навигацийн нөөц төвтэй байхыг шаарддаг. Манай улс 2023 онд “Бүсийн нислэгийн хөдөлгөөний нөөц /хоёр дахь/ төв” байгуулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улаанбаатар хот дахь Навигацийн үндсэн төвөөс 463 км зайд буюу Сайншандад нөөц төв байгуулах нь ямар нэгэн эрсдэл хоёр төвд зэрэг нөлөөлөх магадлал бага гэж албаныхан тайлбарлаж байна. Иргэний нисэхийн салбарт стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт, үндэсний хэмжээний бие даасан хоёрдогч төв байгуулах ажлыг энэ оны долоодугаар сард эхлүүлжээ.
Сайншанд агаарын навигацийн төвийг 10 га газарт төлөвлөж, төвийн барилгаас гадна ажилчдын орон сууц, цэцэрлэг, спорт комплекс, ногоон байгууламжийг хамтад нь шийдэж байна. Тус төв ашиглалтад орсноор говийн бүсэд 200 гаруй байнгын ажлын байр бий болно. Нислэгийн удирдагчийг Франц улсын ENAC зэрэг дэлхийн шилдэг сургалтын байгууллагад үе шаттай бэлтгэнэ.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёр төвтэй болсноор нислэгийн аюулгүй байдлыг олон улсын стандарт түвшинд хүргэх буюу Олон улсын иргэний нисэхийн байгууллага (IСAO)-ын шаардлагуудыг хангана. Олон улсын итгэл, аюулгүй ажиллагааны баталгаа нэмэгдэнэ. Мөн аялал жуулчлал, уул уурхай, үйлчилгээний салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлж, бүс нутгийн эдийн засаг тэлнэ гэж үзэж байна. Тус төвийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Одоогийн Навигацийн төвийн ачаалал, хүн хүч, секторын тоо нэмэгдсэн. Нислэгийн хөдөлгөөний удирдлага нэг өдөр тасрахад 250 мянган ам.долларын хохирол учрах эрсдэлтэй аж.
Монголын агаарын зайг Улаанбаатар дахь бүсийн удирдлагын төвөөс зургаан сектороор (Алтай, Мөрөн, Төв, Дорнод, Говь, Баян) удирдаж байна.















