Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах, нийтийн тээвэр, логистик болон дэд бүтцийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор гурван талт санамж бичгийг өнөөдөр /2026.10.30/ байгууллаа. Энэ хүрээнд төслүүдийн судалгаа, шинжилгээг хийх, тэдгээрийн үр нөлөөг үнэлэх, бодлого, төлөвлөлт болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр талууд хамтран ажиллах юм.
Санамж бичигт “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал З.Батырбек, “Монголын Логистикийн холбоо” ТББ-ын захирал Н.Батбаатар, “Системийн динамик загварчлал” ТББ-ын захирал Б.Ууганбаяр нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны санамж бичигт тусгаснаар авто замын түгжрэл, тээврийн эрэлт, хүн амын төвлөрөл, дэд бүтцийн хөгжлийн харилцан хамаарлыг цогцоор нь судлах бөгөөд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үндэслэл, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг үнэлэх арга зүйн санал боловсруулна. Тухайлбал, “Системийн динамик загварчлал” ТББ нь системийн динамик загварчлал, системийн сэтгэлгээ, тоон шинжилгээний арга зүйд тулгуурлан судалгааны загвар боловсруулах, хотын хөгжлийн болон төслийн хэрэгжилтийн боломжит хувилбаруудыг загварчлах, урт хугацааны үр нөлөө, эрсдэлийг үнэлэх чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллана.
“Монголын Логистикийн холбоо” ТББ нь тээвэр, логистикийн бодлого, төлөвлөлт, тээврийн урсгалын зохион байгуулалт, логистикийн дэд бүтэц, нийлүүлэлтийн сүлжээний чиглэлээр мэргэжлийн санал, зөвлөмж гаргах, салбарын мэдлэг, туршлагаа хуваалцан хамтран ажиллах юм. Мөн талууд судалгаа, шинжилгээний мэдээлэл, өгөгдөл, арга зүй, үр дүнг харилцан солилцох, олон улсын сайн туршлагыг судлах, сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдыг хамтын ажиллагаанд татан оролцуулахаар төлөвлөж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь нийслэлийн тулгамдсан асуудлыг салбар тус бүрээр нь бус, харилцан хамаарал бүхий нэгдмэл системийн хүрээнд авч үзэх, урт хугацааны үр нөлөөг тооцсон бодлого, төлөвлөлт боловсруулах, төсөл, хөтөлбөрүүдийн эдийн засаг, нийгмийн үр өгөөж болон хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулахад чиглэж байна.
Дашрамд дурьдахад, “Монголын Логистикийн холбоо” ТББ нь 2002 онд байгуулагдсан бөгөөд тээвэр, логистикийн салбарын 20 гаруй жилийн хугацаанд хуримтлуулсан төсөл, хөтөлбөрийн мэдээллийн сантай байгууллага юм. “Системийн динамик загварчлал” ТББ нь 2019 онд байгуулагдсан бөгөөд үндсэн зургаан чиглэлээр судалгаа, шинжилгээ, тооцоолол хийж ажилладаг. Тус байгууллага нь хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хүн амын нутагшилт, суурьшилт, авто замын түгжрэл, зам тээврийн осол, зөрчлийн загварчлал боловсруулах, тооцоолол хийх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.










