Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Дулаан хангамжийн тухай хуулийн төсөлд хэрэглэгчийн дулааны хэрэглээг тоолуураар хэмжих, тоолуурын зардал болон хариуцлагыг гэрээнд тодорхой тусгах зохицуулалт оруулжээ.
Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох нийтийн орон сууцыг ашиглалтад оруулахаас өмнө дулааны хэрэглээг хэмжих тоолуур, хэрэгслийг бүрэн суурилуулсан байхаар заасан байна. Харин тоолуур суурилуулах техникийн боломжгүй барилгад халаалтын системд зардал хуваарилах төхөөрөмж ашиглаж болно. Хэрэглэгчийн тоолуур техникийн шаардлага хангахгүй болсон бол дулаан дамжуулах, түгээх байгууллага өөрийн зардлаар солихоор тусгажээ. Гэхдээ энэ нь дулаанаар хангах гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд үйлчилнэ.

Мөн хэрэглэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр тоолуурын зардлыг хэрэглэгчээр хариуцуулж болно. Хэрэглэгч шугам, тоноглолын хүчин чадлыг өөрчлүүлэх хүсэлт гаргавал тоолуур солих, дахин тохируулах зардлыг өөрөө төлөхөөр байна. Иймээс тоолуурын ашиглалт, зардал, талуудын хариуцлагыг гэрээнд тодорхой тусгахыг төсөлд заажээ.
Хэрэглэгч хооронд зардал хуваарилах, төлбөр тооцох журмыг Эрчим хүчний зохицуулах хороо батлахаар тусгасан байна.












