УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн санаачилсан “Санал худалдан авалтын эсрэг хууль”-ийн төсөлд сонгуулийн жилд халамж, тэтгэмж, мөнгөн олголтыг шинээр бий болгох, нэмэгдүүлэхийг хориглох, төрийн төсвөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтыг улс төрийн сурталчилгаанд ашиглахыг хязгаарлах, санал худалдан авсан нь тогтоогдсон сонгогдсон албан тушаалтныг эгүүлэн татах зэрэг зохицуулалт тусгажээ.
Хуулийн төслийн гол онцлог нь санал худалдаж авахыг зөвхөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд мөнгө, эд зүйл тараах үйлдлээр хязгаарлахгүй, сонгуулийн бус үед төсөв, төрийн өмч, албан тушаалын эрх мэдэл, нийгмийн халамж, төсөл хөтөлбөрөөр дамжуулан сонгогчдын саналд нөлөөлөх үйлдлийг хамруулахад оршиж байна.
Ингэснээр сонгуулийн өмнөх мөнгөн амлалт, төрийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын нээлт, төсвийн санхүүжилттэй арга хэмжээг улс төрийн ашиг сонирхолд ашиглах асуудлыг тусгай хуулиар зохицуулахыг зорьжээ.
СОНГУУЛИЙН ЖИЛД ХАЛАМЖ, ТЭТГЭМЖ НЭМЭХИЙГ ХОРИГЛОНО
Төслийн 8.1.2-т УИХ ээлжит сонгуулийн жилд сонгогчдын тодорхой бүлэг болон нийт иргэдэд чиглэсэн мөнгөн олголт, халамж, тэтгэмж, татаас, хөнгөлөлт, урамшуулал, нэг удаагийн дэмжлэгийг шинээр бий болгох, хэмжээг нэмэгдүүлэх хууль тогтоомж санаачлах, хэлэлцэх, батлахыг хориглохоор тусгасан. Мөн зээл, зээлийн хөнгөлөлт олгох, иргэдийн өр төлбөрийг тэглэх, чөлөөлөх шинэ арга хэмжээг сонгуулийн жилд хэрэгжүүлэхийг хязгаарлана. Эдгээр арга хэмжээг сонгуулийн жилийн төсөвт шинээр тусгахыг ч хориглохоор заажээ.
Энэ хориг зөвхөн УИХ-д бус, Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмчит байгууллагын шийдвэрт мөн хамаарахаар төсөлд тусгасан байна.Харин хуульд урьдчилан заасан, тогтмол хэрэгжиж байгаа мөнгөн олголт, халамж, тэтгэмж, нийгмийн хамгааллын арга хэмжээний хэвийн хэрэгжилтийг хориглохгүй.
Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр хуулийн дагуу олгож байгаа хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж зэрэг тогтмол олголтыг шууд зогсоох тухай биш, харин сонгуулийн жилд шинээр бий болгох, нэмэгдүүлэх шийдвэрийг хязгаарлах зохицуулалт юм.
Гэхдээ энэ нь нийгмийн хамгааллын бодлогод чухал асуулт үүсгэнэ. Тухайлбал, инфляц өссөн, иргэдийн амьжиргаа доройтсон нөхцөлд сонгуулийн жил таарсан гэдэг үндэслэлээр тэтгэмж нэмэх шийдвэрийг хойшлуулах нь хэр зохистой вэ? Сонгуулийн санал татах зорилготой мөнгөн олголтыг нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй дэмжлэгээс хэрхэн ялгах вэ?
ТӨСВИЙН МӨНГӨӨР ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТИЙГ УЛС ТӨРИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО
Төслийн 7.1.11-д улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээ, барилга байгууламж, төсөл, арга хэмжээний нээлт, ёслолд оролцож, тууз хайчлах, тоног төхөөрөмж, автомашин хүлээлгэн өгөх зэргээр далд сурталчилгаа хийх, олон нийтийн саналд нөлөөлөхийг хориглохоор тусгасан.
Энэ нь төсвийн хөрөнгөөр барьсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам болон бусад бүтээн байгуулалтыг улстөрч өөрийн хувийн гавьяа мэтээр сурталчлах асуудалтай холбоотой.
Түүнчлэн төрийн байгууллагын төсөв, хөрөнгийг төрийн ажил, үйлчилгээг олон нийтэд мэдээлэхээс бусад зорилгоор хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд зарцуулахыг хориглохоор заажээ.
Гэхдээ төрийн байгууллага хийсэн ажлаа олон нийтэд мэдээлэх, улстөрч төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтыг өөрийгөө сурталчлахад ашиглах хоёрын заагийг хэрхэн тогтоох нь хуулийн хэрэгжилтэд чухал асуудал болохоор байна.
САНАЛ ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДВОЛ СОНГОГДСОН АЛБАН ТУШААЛТНЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
Хуулийн төслийн 6.2-т сонгуульд нэр дэвшиж сонгогдсон этгээд санал худалдан авах гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдвол бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох, эгүүлэн татах, огцруулах үндэслэл болохоор тусгажээ.
Энэ нь зөвхөн торгууль, эрүүгийн ял шийтгэлээр хязгаарлахгүй, сонгогдсон албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй нь холбож буй зохицуулалт юм.
Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь ямар байгууллага, ямар хугацаанд, ямар журмаар дуусгавар болгохыг бусад холбогдох хуультай уялдуулах шаардлага үүснэ.
НАМ, ЭВСЭЛ БОЛОН ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭЭР ДАМЖУУЛАН САНАЛ ХУДАЛДАЖ АВАХЫГ ХОРИГЛОНО
Төслийн 7 дугаар зүйлд санал худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээс гадна аялал, амралт, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, ивээн тэтгэх, ажлын байр болон албан тушаал амлах, иргэдийн зээлийн өрийг тэглэх зэрэг үйлдлийг хориглохоор тусгажээ.
Мөн санал худалдан авалтыг халхавчлах зорилгоор бусдын банкны данс, төлбөрийн карт ашиглах, төрийн бус байгууллага, сан, хуулийн этгээд байгуулах буюу ашиглахыг хориглоно.
Улс төрийн нам, эвсэл санал худалдан авалтын эсрэг дотоод хяналтын тогтолцоотой байх, намын дотоод сонгууль, сургалт, уулзалтыг санал худалдан авалтаас ангид зохион байгуулах үүрэг хүлээхээр тусгасан байна.
Ингэснээр зөвхөн нэр дэвшигч бус, түүний өмнөөс ажилладаг зуучлагч, санхүүжүүлэгч, зохион байгуулагчийн оролцоог хуулийн хүрээнд авч үзэхээр зорьжээ.
САНАЛ ХУДАЛДАН АВСАН ТАЛААР МЭДЭЭЛСЭН ИРГЭНД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Төслийн 13 дугаар зүйлд санал худалдан авалттай холбоотой гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шалгахаар тусгасан. Мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг дарамт шахалт, заналхийллээс хамгаалах шаардлагатай бол АТГ холбогдох арга хэмжээ авах боломжтой.
Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн өгсөн мэдээлэл үнэн зөв болох нь тогтоогдвол мөнгөн урамшуулал олгох бөгөөд урамшууллын хэмжээ, журмыг Засгийн газар батлахаар заажээ.
Харин мэдээлэгчийн нууцлалыг хэрхэн хангах, урамшууллын хэмжээг ямар шалгуураар тогтоох, үндэслэлгүй гомдлоос хэрхэн сэргийлэх зэрэг асуудлыг хэрэгжилтийн түвшинд нарийвчлах шаардлагатай байна.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДЭРГЭД 25 ГИШҮҮНТЭЙ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА
Хуулийн төслийн 14 дүгээр зүйлд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд орон тооны бус Олон нийтийн зөвлөл байгуулахаар тусгажээ. Тус зөвлөл 25 гишүүнтэй байх бөгөөд улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны томилгооны сонсголоор дөрвөн жилийн хугацаатай томилохоор төлөвлөсөн.
Зөвлөл нь хууль тогтоомж, төсөв, төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичигт санал, зөвлөмж гаргах, хууль хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, олон нийтийн хяналтыг дэмжих чиг үүрэгтэй байна.
Гэхдээ улс төрийн намын төлөөлөл оролцсон зөвлөл нам, нэр дэвшигчдийн үйл ажиллагаанд хараат бус хяналт тавьж чадах эсэх, гишүүдийг сонгох шалгуур ямар байх нь анхаарах асуудал юм.
ШИНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАН Ч ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДАЛ ХЭВЭЭР ҮЛДЭНЭ
Монгол Улсад санал худалдан авах, сонгогчдын саналд хууль бусаар нөлөөлөх үйлдлийг хориглосон зохицуулалт Эрүүгийн хууль болон сонгуулийн холбогдох хуулиудад хэдийн бий. Тэгвэл шинэ хуулийн төсөл санал худалдан авалтыг сонгуулийн өдөр, сурталчилгааны хугацаанд мөнгө тараах асуудлаас өргөн хүрээнд авч үзэж, төсвийн хөрөнгө, төрийн эрх мэдэл, халамжийн бодлого, намын үйл ажиллагаатай холбон зохицуулахыг зорьж байна.
Гэвч хуулийн төслийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн зарчмын асуудал тулгарна. Сонгогчдын саналд нөлөөлөх зорилготой төрийн шийдвэрийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогоос хэрхэн ялгах вэ? Төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтыг сурталчилсан үйлдэл бүр санал худалдан авалт болох уу? Сонгуулийн жилд нийгмийн хамгааллын шинэ арга хэмжээ авах шаардлага гарвал ямар зохицуулалт үйлчлэх вэ?
Түүнчлэн төслийн 9.1.6-д төрийн албан тушаалтан олж мэдсэн мэдээллээ 14 хоногийн дотор мэдээлэхээр заасан бол 13.1-д холбогдох этгээд мэдээллээ АТГ-т нэн даруй хүргүүлэхээр тусгасан нь мэдээлэх хугацааны зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг харуулж байна.
Эцсийн дүндээ шинэ хууль батлагдах эсэхээс гадна санал худалдан авалтыг нотлох, шалгах, хариуцлага тооцох механизм бодитоор ажиллах эсэх нь гол шалгуур болно. Сонгогчийн саналыг мөнгөөр худалдаж авахыг хориглох нэг хэрэг, харин төрийн төсөв, эрх мэдэл, бодлогын шийдвэрээр дамжуулан саналд нөлөөлөхийг бодитоор таслан зогсоох нь өөр асуудал юм.
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурлын цахим системд нийтэлсэн 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн “Санал худалдан авалтын эсрэг хууль”-ийн төслийн бүрэн эх.










