“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл нь Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, хуучирсан инженерийн дэд бүтцийг шинэчлэх, ус зайлуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгө болон хотын хэвийн үйл ажиллагааг хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ юм.
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
Улаанбаатар хотын үерийн эрсдэл өндөр бөгөөд үерийн хамгаалалтын байгууламж, борооны ус зайлуулах сүлжээний хүчин чадал хүрэлцээгүй, ихэнх нь хуучирч элэгдсэн байна. Нийт 147км үерийн далан, суваг байдгаас 60–70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, мөн 1,100 гаруй км авто замын ердөө 16 хувь нь борооны ус зайлуулах сүлжээтэй байна. Хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эрсдэл нэмэгдэж байгаа тул үерийн хамгаалалт болон ус зайлуулах дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх шаардлагатай байна.

Сүүлийн жилүүдэд тохиосон гамшгийн хохирлыг тооцсон уу?
Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлд тусгагдсанаар Улаанбаатар хотод 2023, 2024 онуудад томоохон хэмжээний үер тохиолдсон гэж тэмдэглэсэн. 2023 оны 8 дугаар сарын 5-ны үерээр Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29-р хороо, Дарь-Эх, Монель, Шинэ Монель, Цагаан даваа орчим өртөж, 280 гаруй айл өрх үерт өртсөн бөгөөд хүний амь нас эрсэдсэн байна. Мөн 1982 оны 8-р сарын 15-16-нд 29 минутын хугацаанд Улаанбаатар хотын баруун ба баруун хойд тал Толгойт, Наран, Чингэлтэйн уулсаар орсон хүчтэй аадар борооноос уруйн үер бууж гэр болон орон сууцны хороолол, олон үйлдвэр, сургууль, цэцэрлэг, шугам сүлжээ усанд автагдаж 87 хүний амь эрсдэж ихээхэн хохирол гарчээ.
Шуудуу ухалгүйгээр бохир усны шугам хоолой доторлох технологи гэж юу вэ?
Энэ нь trenchless technology буюу шуудуу ухахгүйгээр одоо байгаа газар доорх бохир усны шугамыг дотроос нь сэргээн засварлах, шинэчлэх арга юм. Энэхүү технологи нь Close-Fit lining, CIPP (Cured-In-Place Pipe), Pipe Bursting гэсэн 3 аргыг хэрэглэх бөгөөд манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой аргуудыг сонгосон юм. Шугам хоолойг доторлох дэвшилтэд технологийг нэвтрүүлснээр нийслэл хотын бохир усны шугам сүлжээний дамжуулах чадварыг 20–30 хүртэл хувиар нэмэгдүүлж, ашиглалтын хугацааг 30–50 жилээр уртасгана. Мөн газрын доорх ус шугам сүлжээнд нэвчих, бохир ус хөрсөнд алдагдахыг зогсооно.

Төслийн ач холбогдол, үр нөлөө юу вэ?
Төсөл хэрэгжсэнээр 10-100 жилийн давтагдалтай үерийн хохирлыг дунджаар 90 хувь бууруулж, үерийн жилийн дундаж хохирлыг 7.69 тэрбум төгрөг болгон бууруулснаар жилд 82,245,148,728 төгрөгийн “зайлсхийсэн хохирол” болон нийгэм эдийн засгийн өргөн цар хүрээтэй үр өгөөжийг бий болгоно.













