Bluetooth чихэвч тархинд аюултай юу, эсвэл буруу хэрэглээ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна уу? Гудамжаар алхаж буй хүмүүсийн зарим нь чихэвчээрээ хөгжим сонсож, зарим нь цахим хичээлээ үзэж, нөгөө хэсэг нь утсаар ярьж явна. Ажиллах, дасгал хийх, гэртээ байхгүй унтахдаа ч чихэвч зүүдэг хүмүүс цөөнгүй. Ийнхүү утасгүй чихэвч бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болжээ. Гэвч өдөр бүр хэдэн цагаар чихэндээ зүүдэг энэ жижиг төхөөрөмж эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Иргэн Б хөдөө орон нутагт ажилладаг бөгөөд ажилдаа явахдаа 9–10 цагийн турш чихэвч зүүдэг байна. Тэрбээр орой унтах үед толгой өвдөх, чих шуугих, үе үе хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрдэг тухайгаа ярьсан юм. Сүүлийн жилүүдэд Bluetooth чихэвч, тэр дундаа AirPods-оос ялгардаг цахилгаан соронзон долгион тархинд сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсгэдэг гэх мэдээлэл цахим орчинд тархах болсон. Гэвч Bluetooth чихэвчний цацраг тархины хорт хавдар үүсгэдэг гэдгийг баталсан шинжлэх ухааны хангалттай нотолгоо одоогоор байхгүй байна. Тэгвэл бид төхөөрөмжийн цацрагаас илүүтэй өдөр тутмын буруу хэрэглээндээ анхаарах шаардлагатай юу? Чихэвчний хэрэглээтэй холбоотой хамгийн том эрсдэлүүдийн нэг нь чанга дууг удаан хугацаанд сонсох явдал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий даяар 12–35 насны нэг тэрбум гаруй хүн чанга дуу чимээний нөлөөнөөс шалтгаалан сонсголын алдагдалд өртөх эрсдэлтэй байна. Мөн иргэн А өдөрт дунджаар 6–7 цаг чихэвч зүүдэг бөгөөд заримдаа чихэвчтэйгээ унтдаг тухайгаа онцоллоо. Чихний сувагт байрлуулдаг чихэвчийг удаан хугацаагаар зүүхэд чийг, хөлс хуримтлагдаж, гадна чихний сувгийн үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа чихэвчээ тогтмол цэвэрлэхгүй байх, бусадтай дамжуулан хэрэглэх нь эрүүл ахуйн хувьд сөрөг нөлөөтэй. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн өсвөр наснаасаа эхлэн чихэвчээр хөгжим сонсох хэрэглээгээ хязгаарлаж чадвал сонсголоо насан туршдаа хамгаалах боломжтойг онцолжээ. Мөн чихэвчээр хэт чанга хөгжим сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй адил байдаг хэмээн хэллээ. ДЭМБ-ын аюулгүй сонсголын зөвлөмжид насанд хүрэгчид 80 децибелийн түвшинд долоо хоногт 40 хүртэл цаг дуу сонсох жишгийг дурдсан байдаг. Харин дууны түвшин нэмэгдэх тусам сонсголд аюулгүй байх хугацаа богиносдог. Иймээс чихэвчний дууг тохиромжтой түвшинд байлгах, тогтмол завсарлага авах, чихэвчээ цэвэрлэх зэрэг энгийн дадал нь сонсгол болон чихний эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Технологийн хөгжил бидний амьдралыг хөнгөвчилж байгаа ч түүнийг хэрхэн ашиглах нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тодорхойлно. Тиймээс технологиос татгалзах бус, зөв хэрэглэж хэвших нь чухал юм.
Сурвалжлагч: Г.Цолмон











