Өмнө нь сурагчид гэрийн даалгавраа хийхдээ сурах бичгээ эргүүлж, номын сангаас мэдээлэл хайж, ойлгоогүй зүйлээ багшаасаа асуудаг байв. Харин өнөөдөр хэдхэн товшилтын дараа асуултад хариулж, эсээ бичиж, бодлого бодож, гадаад хэлний орчуулга хийх чадвартай хиймэл оюун ухаан сурагчдын гар утсанд багтах болжээ. Хичээл хийхэд туслах дижитал хэрэгсэл ийнхүү боловсролын орчинд нэвтэрч байгаа ч нэг асуулт урган гарч байна. Хиймэл оюун ухаан сурагчдыг бие даан суралцахад дэмжиж байна уу, эсвэл өөрөө бодох шаардлагагүй мэт ойлголтыг бий болгож байна уу?

НЭГ АСУУЛТЫН ЦААНА БЭЛЭН ХАРИУЛТ ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслүүд сурагчдад ойлгоогүй хичээлээ тайлбарлуулах, гадаад хэлний үг орчуулах, мэдээлэл хайх, бичгийн ажлын санаа гаргах зэрэг олон боломжийг олгодог. Ялангуяа хичээлээ ойлгоогүй үед нэмэлт тайлбар авч, өөр өөр жишээгээр ойлголтоо бататгах нь суралцах үйл явцыг хөнгөвчилж болно. Гэвч даалгавраа өөрөө хийхийн оронд асуултаа AI-д бичиж, гарсан хариултыг шууд хуулан ашиглах тохиолдол ч бий. Энэ үед сурагч даалгавраа дуусгасан байж болох ч тухайн сэдвийг хэр ойлгосон, өөрийн мэдлэгээр тайлбарлаж чадах эсэх нь эргэлзээтэй үлдэнэ. Өөрөөр хэлбэл, хариулт авах, хариултаа ойлгох хоёр ижил зүйл биш. Хиймэл оюун ухаан мэдээлэл авах хугацааг богиносгож болох ч суралцах үйл явцыг бүхэлд нь орлож чадахгүй.

АНГИЙН СУРАГЧДЫН 80–90 ХУВЬ НЬ AI-ААР ДААЛГАВРАА ХИЙЛГЭДЭГ ГЭВ. Нийслэлийн 3 дугаар сургуулийн физикийн багш Б.Лхагвасүрэнгийн ажигласнаар, гэрийн даалгавраа хиймэл оюун ухаанаар гүйцэтгүүлсэн тохиолдол сурагчдын дунд цөөнгүй ажиглагддаг байна. Тэрбээр зарим тохиолдолд ангийн сурагчдын 80–90 орчим хувь нь даалгавраа AI ашиглан хийдэг гэж хэллээ. Багш Б.Лхагвасүрэн “Гэрийн даалгавар өгөхөд бүгдийг нь AI-аар хийлгэчихсэн тохиолдол ихэвчлэн байдаг. Ангийн 80–90 хувь нь хийдэг. AI-г аль болох ашиглахгүй байсан нь дээр. Хүн тархиа илүү хөгжүүлэхийн тулд өөрөө хичээж, уншиж, судалж, мэдлэг олж авах хэрэгтэй. Гэтэл шууд бэлэн мэдээлэл аваад даалгавраа хийчихэж байгаа нь хүүхэд өөрийгөө хөгжүүлэхгүй байна гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүний үзэж буйгаар, сурагчид даалгавраа бие даан гүйцэтгэж, асуудлыг өөрсдөө шийдвэрлэх явцдаа мэдлэг, сэтгэн бодох чадвараа хөгжүүлдэг. Харин бэлэн хариултад хэт найдах нь суралцах үйл явцын чухал хэсэг болох өөрөө эрэл хайгуул хийх, алдаанаасаа суралцах, дүгнэлт гаргах боломжийг багасгаж болзошгүй юм. Гэхдээ багшийн хэлсэн 80–90 хувийн үзүүлэлт нь түүний ажиглалтад үндэслэсэн бөгөөд нийт сурагчдыг төлөөлсөн судалгааны дүн биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

AI АШИГЛАХ НЬ БУРУУ ЮУ, ЗӨВ АШИГЛАХ НЬ ЧУХАЛ УУ? Хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа сурагч бүр даалгавраа хуулж хийдэг гэж үзэх боломжгүй. Зарим сурагч ойлгоогүй сэдвээ тайлбарлуулах, бодлогын бодолтыг алхам алхмаар ойлгох, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор ашигладаг. Харин зарим нь бэлэн хариулт авах хэрэгсэл болгон хэрэглэж болно. Энэ хоёрын ялгаа нь технологийг ашиглаж байгаа эсэхэд бус, хэрхэн ашиглаж байгаад оршино. Тухайлбал, сурагч AI-аас бодлогын хариуг шууд авахын оронд бодох аргыг нь тайлбарлуулах, эсээний бэлэн эх авахын оронд санаагаа хэрхэн цэгцлэх талаар зөвлөгөө авах боломжтой. Ийм хэрэглээ нь сурагчийг өөрөө бодож, дүгнэлт хийхэд дэмжлэг үзүүлж чадна. Харин AI-аас авсан мэдээллийг шалгалгүйгээр шууд ашиглах нь өөр асуудал. Хиймэл оюун ухаан зарим тохиолдолд буруу, дутуу эсвэл төөрөгдүүлэх мэдээлэл өгч болзошгүй. Тиймээс сурагчид мэдээллийн эх сурвалжийг шалгаж, өөрийн мэдлэгтэй харьцуулан нягталж сурах шаардлагатай. Иймээс AI-г бүхэлд нь хориглох эсвэл ямар ч хязгаарлалтгүй ашиглуулахын аль нэгийг сонгохоос илүүтэй, зөв хэрэглээг нь төлөвшүүлэх нь чухал юм.

СУРГУУЛЬ AI-Г ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ? Хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр багш, сурагч, эцэг эхийн өмнө шинэ сорилтууд гарч байна. AI ашиглан бэлтгэсэн даалгаврыг хэрхэн үнэлэх, сурагчийн өөрийн мэдлэгийг яаж тодорхойлох, бие даан сэтгэх чадварыг хэрхэн хөгжүүлэх зэрэг асуудалд тодорхой зарчим шаардлагатай болжээ. Сурагчдад AI ашиглахыг шууд хориглохын оронд ямар үед ашиглаж болох, ямар үед даалгаврыг өөрийн мэдлэгээр гүйцэтгэх ёстойг ойлгуулах нь чухал. Тухайлбал, AI-аас санаа авч болох ч эцсийн хариултыг өөрөө боловсруулах, ашигласан мэдээллээ нягтлах, шаардлагатай үед хиймэл оюун ухааны тусламж авснаа тэмдэглэх зэрэг дадлыг төлөвшүүлж болно. Мөн багш нар зөвхөн даалгаврын эцсийн хариултыг үнэлэхээс гадна сурагч хэрхэн бодсон, санаагаа яаж боловсруулсан, хариултаа өөрөө тайлбарлаж чадаж байгаа эсэхэд анхаарах боломжтой. Ингэснээр хиймэл оюун ухаан сурагчийн өмнөөс даалгавар хийдэг хэрэгсэл бус, сурах үйл явцыг дэмждэг туслах болж чадна.

ТЭГВЭЛ ЦААШИД? Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр сурагчдын суралцах арга барил ч өөрчлөгдөж байна. Гэвч технологийн дэвшил бүр суралцах үйл явцыг хөнгөвчлөхийн зэрэгцээ шинэ сорилт дагуулдаг. AI-аас бэлэн хариулт авах нь даалгаврыг богино хугацаанд дуусгах боломж олгож болох ч тухайн мэдлэгийг өөрийн болгох үйл явцыг орлож чадахгүй. Тиймээс асуудал нь хиймэл оюун ухааныг ашиглах эсэхдээ бус, түүнийг ямар зорилгоор, хэрхэн ашиглаж байгаад оршино. Сурагчид AI-г бие даан сэтгэхийн оронд ашиглах уу, эсвэл мэдлэгээ тэлж, ойлголтоо бататгах хэрэгсэл болгох уу гэдэг нь боловсролын орчинд анхаарах чухал асуудал хэвээр байна. Эцэст нь, хиймэл оюун ухаан сурагчдын өмнөөс боддог хэрэгсэл биш, харин сурагчдыг илүү сайн бодоход тусалдаг хэрэгсэл байх ёстой. Харин үүнийг хэрхэн ашиглахыг сурах нь өнөөгийн сурагчдын өмнө тулгарч буй шинэ сорилт юм.
Сурвалжлагч: Ө.Хулан