Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Гермес” худалдааны төвийн урд хэсэгт баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 73 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төсөл нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох нийт 0.7 км авто зам, төмөр замын доогуур нэвтрэх 38 метр урт, 12 метр өргөн нүхэн гарц, мөн явган зорчигч болон дугуйгаар зорчигчдод зориулсан зам бүхий бүтээн байгуулалт юм.

Гуравдугаар Нүхэн гарцыг төмөр замын хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлахгүйгээр барих зорилгоор урьдчилан цутгасан туннелийн бүтээцийг төмөр замын доогуур түлхэн оруулах “box jacking” технологийг ашигласан. Ингэснээр бүтээн байгуулалтын ажлын явцад галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Мөн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний зохицуулалт хийж, дулааны шугам Ф250-ын хос шугам шилжүүлэх ажил бүрэн хийгдээд байна. Төслийн хэрэгжилтийн явцад тодорхой хугацааны саатал гарсан бөгөөд энэ нь “Од групп” ХХК болон “Глобал бридж” ХХК, Монгол Эксперс ХХК -ийн орц, гарц төслийн нөлөөллийн бүсэд өртсөнтэй холбоотойгоор талуудын хооронд тохиролцоонд хүрэх хугацаа шаардаад байна.

Тус Нүхэн гарцыг ашиглалтад оруулснаар Геологийн төв лаборатори болон “Гермес” худалдааны төвийн орчмын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй болох бөгөөд энэ нь тухайн чиглэлийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулна.











