Тус хөтөлбөр нь иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн, төлбөрийн уян хатан нөхцөлтэй орон сууцны тогтолцоог бүрдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гэр хорооллын төвлөрлийг бууруулах замаар иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын айл өрхийн газрыг чөлөөлж, 50 мянган айлын янданг бууруулахаар тооцоод байна.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 100 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Хувийн хэвшлийн барилгын компаниудын оролцоотойгоор 60 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Үүний тулд ипотекийн зээлийн хүртээмж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ингэснээр хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийн борлуулалт, хөрөнгө оруулалт, цаашдын бүтээн байгуулалтыг дэмжих боломж бүрдэнэ.
Түүнчлэн төрийн оролцоотойгоор 40 мянган айлын орон сууцыг хэрэгжүүлнэ. Энэ төр барилга барих асуудал биш бөгөөд газар, инженерийн дэд бүтцийн асуудлыг төр шийдэж өгснөөр төслийн анхны зардал болон орон сууцны өртгийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ хүрээнд барьсан орон сууцыг зорилтот бүлгийн иргэд урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авах боломжийг бүрдүүлнэ.
Иргэдийг төрийн оролцоотой орон сууцанд хамруулахдаа дараах дөрвөн хэлбэрийг ашиглахаар төлөвлөж байна. Үүнд:
- Түрээсийн орон сууц,
- Түрээслээд өмчлөх,
а.20 жилийн хугацаанд сар бүр түрээсийн төлбөр+өмчлөх төлбөр.
б. 5 жилийн хугацаанд сард түрээсийн төлбөр+урьдчилгааны төлбөр бүрдүүлнэ. 5 жилийн дараа ипотекийн зээлд хамрагдана.
- Хамтын өмчлөл,
- Газар чөлөөлөлтийн хүрээнд орон сууцаар хангах бодлого баримтална.
Ингэснээр иргэд өрхийн орлого, санхүүгийн боломждоо нийцсэн хэлбэрээр орон сууцанд хамрагдах сонголттой болно.
Иргэдийн төрд бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн, ХУР болон ДАН системээр дамжуулан бүртгэлийг цахимаар зохион байгуулна. Ингэснээр иргэдээс шаардлагагүй олон төрлийн бичиг баримт, төрд бүртгэлтэй мэдээллийг дахин шаардахгүй.
Төслийн сонгон шалгаруулалтад төр шууд оролцохгүй. Арилжааны банкууд иргэдэд нээлттэй, ил тод, шударга байдлаар шалгаруулалтыг зохион байгуулна.
Орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлж, 2027 онд 25 мянган айлыг ипотекийн зээлд хамруулна
Монгол Улсын хэмжээнд жил бүр 9-10 мянган иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэдэг. Арилжааны банкуудад ипотекийн зээл хүссэн 55 мянган хүсэлт хүлээгдэж байна.
Арилжааны банкууд, хувийн хэвшилтэй хамтран ипотекийн зээлийн санхүүжилтийн 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэн шинээр 16,000 өрхийг ипотекийн зээлд хамруулахаар зорьж байна. Ингэснээр жилд 25,000 өрх ипотекийн зээлд хамрагдах юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, хамрагдсан өрхүүдийг орон сууцаар хангах, газрын үнэлгээг орон сууцны төлбөрт тооцох зэрэг шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Ийнхүү “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх, иргэдэд орон сууцны хүртээмжийг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх суурь болно.
Орон нутгийн иргэдийг орон сууцаар хангах бодлого үргэлжилнэ
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр нь аймаг, суманд хэрэгжинэ. Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, залуу гэр бүл, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, орон сууцны хэрэгцээтэй бусад иргэдийг хамруулах боломжийг нэмэгдүүлнэ.
Монгол Улсын 56 суманд нийт 567 айлын төрийн албан хаагчдын түрээсийн орон сууцны төслийг 2025 онд хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2026 онд 63 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд үлдсэн 504 айлын орон сууцыг 2027-2028 онд үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.
Аймаг, сумдын төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах, амьдрах нөхцөлөөр хангахын зэрэгцээ нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, ажлын байрыг тогтвортой хадгалах, орон нутгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.












