Дархан-Уул аймагт жилд нэг сая тонноос багагүй ган үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан сонгон шалгаруулахаар төлөвлөжээ.
Монгол Улс төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлох бус, дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлнэ. Ган үйлдвэрлэлийн цогцолборыг Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байрлах 651 га талбай бүхий үйлдвэрлэл, технологийн паркт байгуулах юм.
Жилд нэг сая тонноос багагүй ган үйлдвэрлэнэ
Шинэ цогцолбор нь жилд нэг сая тонноос багагүй ган үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Үйлдвэрийн үндсэн түүхий эдийг Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордууд болон Тавантолгойн ордоос хангахаар тусгасан байна. Цогцолборт төмрийн хүдэр баяжуулах, түүхий эд бэлтгэх, ган хайлуулах, цувих үйлдвэрүүдээс гадна эрчим хүч, усан хангамж, тээвэр логистикийн дэд бүтцийг байгуулахаар төлөвлөжээ.
234.8 сая тонн төмрийн хүдрийн нөөцөд түшиглэнэ
Төслийн танилцуулгад дурдсанаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 234.8 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд Төмөртэй, Төмөртолгойн ордуудаас жилд 2–3 сая тонн хүдэр олборлож байна. Тус үйлдвэр нь жилд хоёр сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдгээр орд нь шинээр байгуулах гангийн цогцолборын түүхий эдийн үндсэн эх үүсвэр болох юм.
Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулснаас хойш 36 сарын дотор ашиглалтад оруулна
Төслийн стратегийн хөрөнгө оруулагч нь шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээс гадна техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барилга угсралт, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цогцоор нь хариуцах нөхцөлтэй. Мөн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулснаас хойш 36 сараас ихгүй хугацаанд жилд нэг сая тонноос багагүй ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлага тавьжээ.











