
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.10.23/ нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад 126 гишүүнээс 67 буюу 53.2 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлсэн.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсан тооцогдоно” гэж заасныг дурдаад, санал хураалт явууллаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон 88 гишүүний 79 буюу 89,8 хувь нь дэмжив.
Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч үг хэлж дууссан. Иймд хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Батчулууны Амартүвшинг хуралдаанд оролцсон 88 гишүүний 74 буюу 84,1 хувь, Базаррагчаагийн Даваажавыг томилохыг хуралдаанд оролцсон 88 гишүүний 64 буюу 72 хувь нь тус тус дэмжлээ. Иймд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцов.

Мөн хуралдаанаар Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан. Иймд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон 90 гишүүний 82 буюу 91 хувь нь дэмжсэн. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн тул Гэрээ соёрхон батлах тухай хуулийг эцэслэн баталсанд тооцлоо.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч үг хэлж дууссан тул санал хураалт явуулсан. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 90 гишүүний 61 буюу 67 хувь нь дэмжив. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан тул долоон хууль, гурван тогтоолын төсөл бүрээр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалтыг явуулав.
Ингээд Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 78 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80 хувь, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 82 хувь, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 71 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 83 хувь нь тус тус дэмжсэн.

Мөн “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь, “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 71 хувь, “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 72 хувь нь тус тус дэмжив.
Харин Засгийн газраас Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу татан авах талаар албан бичиг ирүүлснийг Улсын Их Хурлын дарга гишүүдэд уншиж, танилцуулсан. Ингээд хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан тул санал хураалт явууллаа. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 90 гишүүний 38 буюу 42 хувь нь дэмжсэнгүй. Иймд төслийг “Хууль санаачлагчид нь буцаах тухай” тогтоол баталсанд тооцов.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Энэ өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, өнөөдөр иргэдийн хэрэглэж буй хүнс, хүүхдийн сурч хүмүүжиж буй орчин, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хянаж, баталгаажуулах тогтолцоо хангалттай түвшинд хүрээгүй байна. Үүний төлөөсийг иргэд амь, нас эрүүл мэндээрээ, аж ахуйн нэгжүүд хөрөнгө орлогоороо, улс орон татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна гэлээ.
Одоогийн мөрдөгдөж байгаа хууль нь хяналт хариуцлагын тогтолцоо сул, төрийн байгууллагуудын уялдаа холбоо дутмаг, чиг үүргийн давхардалтай, нэр томъёо нь хэрэглэхэд энгийн ойлгомжтой биш байгаа нь хуулийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг харуулж буйг дурдсан.

Хуулийн төсөл нийт 9 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд дараах үндсэн өөрчлөлтүүдийг тусгалаа. Тухайлбал, стандарт хэрэглэх эрх, мөрдөх үүргийг тодорхой болгох, лабораторийн гурван шатлалт тогтолцоог хуульчилж, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн байгууллагын хариуцлага, хараат бус байдлыг бэхжүүлжэх, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцсэн зохицуулалтыг бүрдүүлэх, хэрэгжилтэд тавих хяналт, төрийн худалдан авалтын шаардлагыг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар стандарт, олгосон гэрчилгээ, хийсэн хяналт шалгалтын тоогоор бус, иргэдийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэл хэрхэн буурч, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар хэрхэн дээшилснээр үнэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхдээ төрийн одоо байгаа мэдээллийн дэд бүтцэд тулгуурлан цахим үйлчилгээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын давхардлыг арилгах, төр, хувийн хэвшлийн оролцоо, нөөцийн ашиглалтыг оновчтой болгох зарчмыг баримтална гэдгийг Н.Номтойбаяр сайд танилцуулгадаа дурдав.
Түүнчлэн шинэчлэлийн эцсийн зорилго нь стандартыг цаасан дээр батлах бус амьдралд хэрэгжүүлдэг, чанар, аюулгүй байдлыг бодитоор баталгаажуулдаг, хариуцлага нь тодорхой тогтолцоог бүрдүүлэхэд оршино гэж байлаа.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо уг асуудлын хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах, стандартчилах, эрх зүйн зохицуулалтыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээр, конвенцоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгохоор хуулийн төслийг боловсруулсныг дурдав.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “… Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна…” гэж заасны дагуу санал хураалт явуулахад, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон. /дэлгэрэнгүй эндээс/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, дэмжсэн дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлэв. Ингээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 17 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг төсөл тус бүрээр явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, намрын чуулгандаа багтаж хуулийн төслийг яаралтай хэлэлцэн баталбал, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрх баталгаажин хангагдана. Байгаль орчин төдийгүй бусад олон асуудлууд стандарттай болж, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх, чанартай барилга байгууламжид амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталж, баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов
Дараа нь ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, А.Ариунзаяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар уг тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр газар ашиглалтын байдалд гарсан алдаа, зөрчил газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох зорилгоор холбогдох тогтоол шийдвэр газар олголтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр тогтоохоор тусгажээ.
Мөн Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ, хязгаарыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-2025 оны шийдвэрүүд, Газрын тухай хуулийн хэрэгжилт газрын газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал, нийтийн эзэмшлийн газар ногоон байгууламж гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийсэн байдал, газар олголтын ил ил тод, мэдээллийн сангийн бодит байдал, одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан, хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргахаар тогтоожээ.
Түүнчлэн Хянан шалгах түр хороог олонхыг төлөөлөн М.Бадамсүрэн, Б.Заяабал, С.Зулпхар, М.Мандухай, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Уянга, М.Энхцэцэг, цөөнхийг төлөөлөн Ц.Баатархүү, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нараа, П.Наранбаяр, М.Сарнай, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтсон байна.

Хуралдааны төгсгөлд баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Тухайлбал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсож, саналтай гишүүн байгаагүй тул чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан ийн өндөрлөв.










