УИХ-ын 2026 оны аравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа. Өөрчлөлтөөр геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, уул уурхайгаас орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зохицуулалтуудыг тусгажээ.
Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс /АМНАТ/ Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, уул уурхайн нөлөөлөлд өртөж буй нутаг дэвсгэрт түлхүү хуваарилахаар болсон байна. Мөн геологийн судалгаа, эрэл, хайгуулын эрх зүйн орчныг сайжруулж, шинэ орд, илрэл тогтоох, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэхийг дэмжинэ.
Дэлхийн зах зээлд эрэлт нь өсөж буй чухал ашигт малтмалын нөөцийг тогтоох, ашиглах, боловсруулах бодлогын эрх зүйн үндсийг бэхжүүлэхээр тусгажээ. Олборлолтоос гадна баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалт мөн багтсан байна. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажлын хэрэгжилт болон санхүүжилтийн бүрдүүлэлтийг жил бүр тайлагнах тогтолцоо нэвтрүүлнэ. Үүнийг уулын ажлын болон баяжуулалтын тайлантай уялдуулснаар уурхайн хаалтын бэлтгэл, санхүүгийн хариуцлага, нөхөн сэргээлтийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм. Түүнчлэн зэсийн АМНАТ-ын хэмжээг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгажээ.
Танилцуулгад дурдсан тооцоогоор, уг өөрчлөлтийн үр дүнд зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 3.3 сая тонн хүртэл буюу 47 хүртэл хувиар, АМНАТ-ын ногдуулалтыг 2.25 их наяд төгрөг хүртэл буюу 37 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн байна.











