Улаанбаатар хотын олон жил хуримтлагдсан хог хаягдлыг эрчим хүч болгон ашиглах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарласан. Урьдчилсан шалгаруулалтын нээлт дөрөвдүгээр сарын 16-нд болж, хоёр оролцогч шаардлага хангасан бөгөөд дараагийн шатны уралдаант сонгон шалгаруулалтад оролцох материалыг 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна.
Тус төсөл нь өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай, жилд 8000 цаг ажиллаж 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэлийг баталсан. Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 206 сая ам.доллар бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд хийж, 28 жилийн дараа төрд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн Улаанбаатар хотод өдөр бүр үүсдэг хог хаягдлыг боловсруулахгүй, Улаанчулуут, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгүүдэд сүүлийн 10 жилийн хугацаанд хуримтлагдсан хогийг ухаж авч шатаан, байгаль орчныг бүрэн цэвэрлэхээр төлөвлөсөн нь төслийн онцлогтой. Мөн Төв аймгийн Зуунмод хот, Хүннү хот, Алтанбулаг, Сэргэлэн сумын хог хаягдлыг үнэ төлбөргүй боловсруулах боломж бүрдэх юм.
Одоогийн байдлаар төслийн хүрээнд 600 нэгж талбар өртөхөөс 146 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн нэгж талбаруудтай зөвшилцөх ажил үргэлжилж байна.
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг эрчим хүч болгон ашиглаж, 2040 он гэхэд нийт хог хаягдлын 42 хувийг шатаан эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэхээс гадна жилд 106.1 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх тооцоо гарсан байна.










