Төмөр зам доогуур Нүхэн гарц барих үндэслэл нь ачаалал ихтэй төмөр замын гармуудын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулахад чиглэж байна. Тухайлбал, 2016 онд төмөр замын гарам дээр машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол 6 гарсан бол 2017 онд 10 осол бүртгэгдэж, нэг хүн нас барсан тухай судалгаа бий. Түүнчлэн нийслэлийн ачаалал ихтэй төмөр замын гармууд дээр галт тэрэгний болон сэлгээний бүрэлдэхүүн явснаас болж өдөрт 2-3 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, хотын түгжрэл нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр асуудлыг бууруулах, авто болон төмөр замын хөдөлгөөнийг тусдаа түвшинд зохион байгуулах зорилгоор “Төмөр зам доогуур нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлж байна. Нүхэн гарцын бүтээн байгуулалт нь зөвхөн тунель байгуулах асуудал бус, холбоос авто замууд, явган хүний нэг түвшний болон төмөр замтай өөр түвшинд огтлолцох гарц, босоо, хэвтээ замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, ус зайлуулах систем, явган дугуйн зам, мэдээлэл холбооны шугам сүлжээ, дулаан, цэвэр бохир усны шугам, цахилгаан, шилэн кабель зэрэг инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлыг багтаасан зам, замын байгууламжийн цогц ойлголт юм.

Нийслэлд өнөөдрийн байдлаар гурван байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байна. Таван шарын Нүхэн гарц ашиглалтад орсноор автомашины дундаж хүлээлгийн хугацаа 120 секундээс 38 секунд болж буурчээ. Өмнө нь тухайн орчмын төмөр замын гарам хаагдах үед машины урт дараалал үүсдэг байсан бол өнөөдөр өдөрт хөдөлгөөний эрчим 45 мянга орчим тээврийн хэрэгсэлд хүрч, урсгал сайжирсан байна.

Геологийн төв лаборатори орчмын Нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай шууд холбох шинэ замын холбоос бий болох бөгөөд жолооч нар өмнөхөөсөө богино чиглэлээр зорчих боломжтой болж, тухайн орчмын замын ачааллыг 11 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Тус нүхэн гарцаар өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 24,775-аас 27,500 орчим болох боломжтой бөгөөд шинэ холбоос нь тухайн орчмын үйлдвэр, агуулах, аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн маршрутыг богиносгох ач холбогдолтой юм.

Гермес төвийн урд Нүхэн гарц байгуулснаар Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай шинээр холбох юм. Ингэснээр төмөр замын хоёр талын хөдөлгөөнийг шинэ чиглэлээр хуваарилж, тухайн орчмын замын ачааллыг 17.6 хувь, Нарны замын ачааллыг 16.1 хувиар бууруулах тооцоо гарсан байна. Мөн уг чиглэлээр өдөрт 33 мянга гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой гэж тооцжээ.

Төслийн хүрээнд нүхэн гарцууд ашиглалтад орсноор төмөр замын гарам орчимд автомашины хүлээлгийн хугацаа буурч, авто замын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх юм. Мөн нийтийн тээврийн хурд, хөдөлгөөний тогтмол байдал сайжирч, автомашины сул зогсолт багассанаар шатахууны хэрэглээ буурах боломжтой бөгөөд жилд 475–865 сая төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой гэж үзжээ. Ингэснээр нүхэн гарцууд нь зөвхөн төмөр замын гарам дээрх хүлээлтийг багасгахаас гадна Улаанбаатарын замын сүлжээнд шинэ холбоос бий болгож, автомашины хөдөлгөөнийг олон чиглэлд хуваарилахад чиглэж байна.












