Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани гүйцэтгэж байгаа бөгөөд ТЭЗҮ боловсруулалтын нэгдүгээр үе шатны ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрч, судалгаа, тооцоолол, инженерийн шийдлүүдийг нарийвчлан боловсруулж байна. Төслийн хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг иж бүрэн судалж, усны ашиглалтын нөөцийг баталгаажуулах, Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох инженерийн шийдлийг тодорхойлж байгаа юм.
“Туул усан цогцолбор” нь 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт нь 685.15 метр урт, 35.8 метр өндөр, усан сан нь 19.84 метр гүнтэй байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд төслийн нийт хамрах талбай 5,569 ам.метр талбай байх ажээ.
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох, Туул голын экологийн урсацыг бүрдүүлэх, урсац тасрахаас сэргийлэх, Улаанбаатар хотыг үерийн аюулаас хамгаалах томоохон усан толио, нуур үүсгэснээр усны ууршилт явагдаж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой. Хот төлөвлөлт, шинэ бүтээн байгуулалттай холбогдсон шинэ, томоохон ус хэрэглэгчид, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.











