Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй Дүүжин замын тээвэр нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Зорчигчдыг тус чиглэлд 11 минутын хугацаанд хүргэнэ. Төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц”ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Максимал” ХХК захиалагчийн хяналт тавин ажилладаг.
Ган татлага нь тасрах уу?
Ган татлага нь сүлжмэл томоостой бөгөөд нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утаснаас бүрдсэн. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Өөрийн механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.
Өвлийн улиралд тросс хөлдөж, мөстөх үү?
Тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр тогтмол хөлдөж, зузаан мөс тогтох боломжгүй. Буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Тросс хөлдөж, гэнэтийн осол үүсэх эрсдэл нь техникийн болон ашиглалтын зохицуулалтаар бүрэн хянагддаг. Дүүжин замын тээвэр нь хүйтэн уур амьсгалтай хотуудад илүү аюулгүй, найдвартай ажиллагааг хангахаар зохион бүтээгдсэн, орчин үеийн нийтийн тээврийн шийдэл юм.
Эрс тэс уур амьсгалтай оронд зохицох уу?
Францын Пома групп нь Францын Альпийн нурууны цанын баазууд буюу өндөр уулын цас, мөс, хүчтэй салхи зэрэг эрс тэс нөхцөлд ажиллах зориулалттай технологийн шийдлүүдийг хөгжүүлсэн. Зөвхөн хүйтэн, цастай уулын бүс биш, халуун, чийглэг болон далайн эргийн эрс тэс орчинд төслүүдээ хэрэгжүүлсэн байдаг. Жишээлбэл, Австри, Швейцарь, Франц, Канад, Япон зэрэг орнуудын уулын бүсийн хотууд өвлийн хатуу уур амьсгалтай нөхцөлд ч дүүжин замын тээвэр найдвартай ажиллаж байна. Эдгээр системүүд нь цас, мөсний нөлөөллийг багасгах тусгай ажиллагааны горим, байнгын хяналтын системтэй. Түүнчлэн дүүжин замын тээвэрт цагийн хяналт хийдэг мэдрэгч, хяналтын систем суурилуулдаг. Хэрэв мөстөлт үүсэх эрсдэл илэрвэл хурд тохируулах, системийг богино хугацаанд зогсоож шалгалт хийх, цас мөс цэвэрлэх зэрэг ажиллагааг аюулгүй байдлын зааврын дагуу хэрэгжүүлдэг.












