
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.09/ долоон цаг 27 минутын турш завсарлагагүй үргэлжилж, долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлж байгаа онцлогтой.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төслийг дэмжсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан илтгэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Ч.Анар, Б.Жаргалан, Б.Түвшин нар асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хамгийн тогтворгүй байгааг, 24 дэх удаагаа өөрчлөх гэж буйд анхаарах асуудлыг гишүүд хөндөж байлаа. Тэд мөн томоохон орд газруудаас хамааралтай сангуудын төсвийн зарцуулалтыг тайлагнаж чадахгүй байгааг шүүмжилсэн.
Парламентаас төсөвтэй холбоотой шийдвэр гаргахдаа уян хатан бодлого, зарчмыг баримтлах нь өгөөжтэй талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулахдаа тодотгов.

Ийн хэлэлцээд санал хураалтыг түр хойшлуулж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Оюутолгойн ногдол ашгийг 17 жилийн дараа амаргүй замыг туулж, ард түмэндээ авчирч буйг, Онтре ХХК нь Оюутолгойн бүлэг ордын 34 хувийг эзэлдэг учраас лицензтэй холбоотой ойлголтын зөрүүг Засгийн газар арилгах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал илэрхийлж тодруулав. Оны эцэст татвартай холбоотой асуудлыг цэгцлэх боломжтой, үүнд эргэлзэх асуудалгүй талаар Засгийн газрын гишүүн Сангийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт манай улсын зээлжих зэрэглэл “ВВ- тогтвортой” гэж үнэлэгдсэн талаар чуулганы индэр дээрээс мэдээлэв.

Төслүүдийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол гаргасныг санал хурааж шийдвэрлэхэд гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураав. Төслийг хэлэлцэхийг 79 гишүүн буюу 69.9 хувь нь дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг санал хураалтаар шийдвэрлэхэд гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 70 гишүүн дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн найман хуулийн болон нэг журмын төслийг мөн дэмжсэн тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй гурван санал Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасныг санал хураалтаар шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын саналыг өмнөх нэгдсэн хуралдаанаар дэмжсэн боловч Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дэмжигдээгүйг тайлбарлаж, дэмжиж өгөхийг хүсэв. Тэрбээр, 6.1.3 дахь заалт буюу Засгийн газраас өргөн барьсан хувилбарт тухайн жилийн төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт эсвэл, өмнөх дараалсан 12 жилийн дундаж өсөлт гэсэн хоёр үзүүлэлтийн аль ихээр нь хязгаарлахаар тусгажээ. Төсөв хэлэлцэх үед эдийн засгийн өсөлт эцсийн үр дүнгээр бус төсөөллийн байдаг тул ингэж шийдвэрлэвэл төсвийн зарлага ихэснэ. Харин төсвийн зарлагын өсөлтийг ДНБ-ий өсөлтийн дунджаар хязгаарласнаар илүү тогтвортой, тооцоолох боломжтой дүрэм бий болно гэв. Ингээд санал хураахад гишүүдийн олонх түүнийг саналыг дэмжив.


Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүлсэн.
Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал нэгдсэн хуралдаанд илтгэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, төсвийн урсгал зардлыг дэмжиж байгаа шигээ хөрөнгө оруулалтын асуудлыг бодлогоор дэмжих, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, үдийн хоол хөтөлбөрийг бүх сурагчдад ялгаваргүй олгох, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ирэх сараас суурь тэтгэвэр, төрийн албан хаагчдын зарим хэсгийнх нь цалин нэмэгдэж байгааг дэмжиж, Хэмнэлтийн хуулийн хэрэгжилт, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мөнгөний бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг багасгах зэрэг асуудлыг хөндсөн.

Гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Сангийн сайд З.Мэндсайхан нар хариулсан.

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар төслийг хэлэлцүүлсэн талаарх Байнгын хороодын хамтарсан санал, дүгнэлтийг танилцуулсан. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг хамгаалах бодлогын хүрээнд стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхээр Засгийн газар төсөлдөө тусгаад байгаа. Дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, тамхины хяналтын хуулийг эцэслэн батлах асуудлыг хөндөв. Мөн УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, малын арьс, шир, түүхий эдийг үнэгүйдүүлэн хаяхаас сэргийлж, бодлогоор дэмжих, нефтийн үйлдвэр барих ажлын явцыг, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, малчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг тусгасан эсэхийг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, төсвийг хөгжлийн бодлого, улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн байх асуудлаар тодрууллаа. Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд нэгбүрчлэн хариулж, тайлбар хийв. УИХ-ын дарга С.Бямбацогт, төсвийн хуулиудыг хэлэлцэж батлахдаа гишүүд асуудалд ул суурьтай хандах учиртайг сануулж байлаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн төслийг хэлэлцэх үе шат бүрээр дүгнэлт гаргавал илүү үр дүнтэй талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, мөнгөний бодлогыг уян хатан болгосноор зээлийн хүүг бууруулах боломжтойг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дахин тодруулж, байр суурь илэрхийлсэн.
Ийнхүү төсвийн тодотголын хуулийн төслийг хэлэлцээд, тав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Баталсан хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонссоноор Баасан гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөв










