Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.10.28/ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны чиглэл, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн ам, тэр дундаа залуусын гэр бүл, нийгмийн асуудлаар ярилцаж байснаа дурсан ярив. Хөдөөд ганц бие малчин залуусын тоо нэмэгдэж байгаа бол хот, төв суурин газарт ганц бие бүсгүйчүүдийн тоо өсөж байгаа нь хүн амын өсөлт саарах болсон нь нийгмийн тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо. Тиймээс Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны хүрээний чиглэл, зорилтыг тодорхойлохдоо хүн ам, нийгмийн асуудалд анхаарах талаар ярилцлаа.

Мөн УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад олон нийт, иргэний нийгмийн оролцоо, хяналтыг хангах, ил тод, хүртээмжтэй байдлыг шинэ шатанд гаргах зорилго бүхий “Нээлттэй парламент” шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Цаашид НҮБ-тай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихгүй байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, парламентын хяналтын механизмыг бэхжүүлэх, засаглалын салбар хоорондын уялдаа холбоо, институцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Түүнчлэн УИХ НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж ирсэн нь хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв. Цаашид уг хөтөлбөрийг нээлттэй парламент зорилттой уялдуулан залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцов.
Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газартай хамтран Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудалд ахиц гарч буйг тэмдэглэлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн өмнөх уулзалтаар хөндөгдсөн хот, хөдөөгийн хүн амын дээрх асуудлаар НҮБ-ын Хүн амын сан судалгаа хийж, Засгийн газарт танилцуулахад бэлэн болсон талаар мэдээлэв. Мөн 2028–2032 оны хамтын ажиллагааны хүрээний төлөвлөлт хийгдэж байгаа бөгөөд хүн амын тулгамдсан асуудал, уул уурхайн баялгийг хүний сайн сайханд чиглүүлэх, бүс орон нутгийн хөгжлийг дэмжихэд анхаарч байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын даргын зөвлөх Д.Оюунчимэг, П.Тамир, болон албаны бусад төлөөлөл оролцлоо.















