
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгуулж байна. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөнө. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:
Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,
Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,
Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,
Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,
Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцож байна.

















