Англи хэлний хичээлийн чанарыг сайжруулах, хиймэл оюун ухааныг сургалтад үр дүнтэй ашиглах арга барилд суралцах олон улсын сургалт Улаанбаатар болон Чойбалсан хотод зохион байгуулагдаж байна. “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага, АНУ-ын Бригам Янгийн их сургууль (BYU) хамтран зохион байгуулж буй тус сургалтад нийт 280 орчим англи хэлний багш хамрагдаж байгаа бөгөөд үүнээс 180 гаруй нь Улаанбаатар хотод, 100 орчим нь Чойбалсан хотод суралцаж байна.
Сургалтад АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн хэл шинжлэл, англи хэлний сургалтын чиглэлээр мэргэшсэн дөрвөн профессор оролцож, багш нарт мэргэжлийн зөвлөгөө өгч, туршлага солилцож байгаа юм. Сайн дурын багш нарын сургалт хариуцсан зохицуулагч Андреа Гонзалес хэлэхдээ, өмнөх сургалтуудаар сурагчдын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх арга барилд түлхүү анхаарч байсан бол энэ жил хиймэл оюун ухааныг багш нарын ажилд хэрхэн ашиглах талаар онцгойлон авч үзэж байгааг дурдлаа. Түүний хэлснээр, хиймэл оюун ухааныг зөв ашигласнаар багш нарын ажлын ачааллыг бууруулж, сургалтыг илүү үр дүнтэй зохион байгуулах боломжтой.
“Дэзэрэт” байгууллагаас англи хэлний багш нарын чуулга уулзалтыг 2016 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 10 дахь удаагаа болж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэл болон орон нутгийн багш нарыг хамруулсан сургалтуудыг тогтмол зохион байгуулжээ.
Сургалтад хамрагдаж буй “Орчлон” сургуулийн англи хэлний багш Л.Ганчимэг энэ удаагийн чуулга уулзалтаар шинэ арга зүй, орчин үеийн технологийг хичээлдээ ашиглах талаар мэдлэг, туршлагаа нэмэгдүүлж, ач холбогдол өндөр үр дүнтэй сургалт болж байгааг онцоллоо.












