Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд хэрэгжиж буй Хүннү хотын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.Төслийн эхний ээлжийн инженерийн дэд бүтэц, хот байгуулалтын суурь бүтээн байгуулалт болох Сэргэлэн 220/110/35 кВ дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж, цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж байна.
Инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээний ажлын зураг төсөл 75 хувьтай явагдаж байгаа бол цэвэр, бохир ус, дулаан, холбоо, цахилгаан зэрэг инженерийн иж бүрэн шугам сүлжээний зураг төслийг боловсруулж байгаа юм. Харин 127.4 км авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас гадна хотын үндсэн болон туслах авто замын сүлжээг байгуулах ажил үе шаттай хэрэгжиж, ирээдүйн бүсүүдийг холбох дэд бүтцийг бүрдүүлж байгаа юм. Цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 35 хувьтай үргэлжилж байгаа аж.
Хүннү хот нь төр, захиргаа, боловсрол, шинжлэх ухаан, инноваци, үйлдвэрлэл, худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн хөгжлийн шинэ төв болохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд Засгийн газар, яам, агентлагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, өндөр технологийн парк, олон улсын нисэх буудалд түшиглэсэн карго болон логистикийн төвийг үе шаттайгаар байгуулах юм.
Эдгээр бүсүүд нь үйлдвэрлэл, инноваци, боловсрол, төрийн үйлчилгээ, худалдаа, ложистик, агаарын тээврийг нэг дор уялдуулсан эдийн засгийн шинэ төвийг бий болгох зорилготой юм.
Хүннү хот нь нийслэлийн хүн ам, төрийн байгууллагын хэт төвлөрлийг бууруулах, улсын хэмжээнд тэнцвэртэй хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах, экспорт, логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Хотын инженерийн дэд бүтцийн суурь ажлууд ийнхүү эрчимтэй урагшилж байгаа нь цаашдын барилга байгууламж, орон сууц, төрийн байгууллагуудын цогцолбор, боловсрол, үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээн байгуулалтыг үе шаттайгаар эхлүүлэх үндэс суурийг бүрдүүлж байна.
Хүннү хот нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт, Богд уулын өвөр Хөшигийн хөндийд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрлах бөгөөд Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд оршино. Хот нь 150 мянган хүн ам суурьших, 80 мянга орчим ажлын байр бий болгох, 10.5 сая ам метр барилга байгууламж бүхий олон улсын жишигт нийцсэн дагуул хот болон хөгжихөөр төлөвлөгдсөн.












