Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн дулаан, эрчим хүчний хэрэглээг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, дэвшилтэт технологид суурилсан эх үүсвэрт үе шаттай шилжүүлэх зорилтын хүрээнд “Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК-иас хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус компани нь нийслэлд бие даасан тархмал эрчим хүчний эх үүсвэр байгуулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхийн сайжруулсан шахмал түлшний хэрэглээг үе шаттай бууруулж, цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэ хүрээнд шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах, хадгалах, дахин хийжүүлэх болон хэрэглэгчдэд түгээх зориулалттай цогц байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хамрах хүрээнд Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 30, 31, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 5,455 байшинтай айл өрхөөс гадна төрийн өмчит сургууль, цэцэрлэг болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дулааны хэрэглээг байгалийн хийгээр хангах боломж бүрдэх юм.
Өнөөдрийн байдлаар гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжид хатуу түлшний хэрэглээ зонхилж байгаа нь агаарын бохирдол, түлшний хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээний аюулгүй байдалтай холбоотой хүндрэл үүсгэж байна. Айл өрх, байгууллагыг байгалийн хийн хэрэглээнд шилжүүлснээр дулаан үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, түлшнээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах, хэрэглэгчдийн тав тух, аюулгүй байдлыг сайжруулах, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Төслийн хүрээнд байгуулах дэд бүтэц нь зөвхөн хэрэглэгчдэд хий нийлүүлэх байгууламжаар хязгаарлагдахгүй бөгөөд шингэрүүлсэн байгалийн хийг хүлээн авах, аюулгүй хадгалах, дахин хийжүүлэх, даралт тохируулах, хэмжих, хянах болон түгээх нэгдсэн системээс бүрдэнэ. Ингэснээр төслийн эхний шатны хэрэглэгчдийг байгалийн хийгээр хангахаас гадна цаашид тухайн бүсийн хэрэглэгчдийн хамрах хүрээг үе шаттай өргөжүүлэх суурь дэд бүтэц бий болно. Шингэрүүлсэн байгалийн хийн хангамжийн төслийг Дэнжийн мянга дэд төвд төлөвлөж буй 93 МВт хүчин чадалтай, хийн түлшээр ажиллах дулааны эх үүсвэрийн төсөлтэй техникийн болон хангамжийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд уялдуулан хэрэгжүүлэхээр судалж байна. 93 МВт-ын дулааны эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар Дэнжийн мянга болон ойролцоох бүсийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, дулаан хангамжийн найдвартай, тогтвортой ажиллагааг дээшлүүлэх ач холбогдолтой.
Хийн түлшний хангамжийн байгууламж болон дулааны эх үүсвэрийн төслүүдийг харилцан уялдаатайгаар хөгжүүлснээр зөвхөн тухайн бүсийн дулаан хангамжийг сайжруулаад зогсохгүй гэр хорооллын бусад хэсэгт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай дулаан, эрчим хүчний технологийг үе шаттай нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ.
Төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хийн хангамжийн эх үүсвэр, тээвэрлэлт, хадгалалт, аюулгүй ажиллагаа, тариф, санхүүжилт, эрсдэлийн хуваарилалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нарийвчлан тодорхойлно. Төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн гэр хорооллын дулаан хангамжийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийн дулааны хэрэглээний найдвартай, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх болон тархмал эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.












