Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын барилга угсралтын ажил 16 хувьтай байна. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Төсөл ашиглалтад орсноор хэчнээн өрх айл, ААН-ийг найдвартай эрчим хүчээр хангах вэ?
Тус төсөл нь нийслэлийн баруун бүс буюу Нэгдүгээр хороолол болон 3, 4 дүгээр хороолол, Баянхошуу, Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон зэрэг томоохон байршил дахь 100,000 орчим өрх, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангана. Мөн 40,000 гаруй айл өрх, түүнийг дагасан сургууль, эмнэлэг, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох юм.

Бусад цахилгаан станцуудын ачааллыг хэрхэн хуваалцах вэ?
Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэсэн цахилгааны 90 хувийг Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ. Өвлийн оргил ачааллын үед ДЦС-4 болон ДЦС-3 станцуудад үүсдэг хэт ачааллыг хуваалцаж, системийн бэлэн байдал болон аваарын эрсдэлийг эрс бууруулна.
Яагаад Төр-Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх болсон бэ?
Улс болон нийслэлийн төсөвт ирэх шууд санхүүгийн дарамтыг бууруулж, хувийн хэвшлийн менежмент, өндөр технологийг богино хугацаанд нэвтрүүлэх боломжийг олгох хүрээнд Төр-Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бодлогыг баримталсан байна. Тус төслийн нийт өртөг болох 658 сая ам.долларын 80 хувийг тендэрт шалгарсан олон улсын болон дотоодын хувийн хэвшлийн түншлэгч, үлдсэн 20 хувийг Нийслэлийн ЗДТГ-аас санхүүжүүлэх юм.

Агаарын бохирдолд яаж нөлөөлөх вэ?
Гэр хорооллын айл өрхүүд төвлөрсөн дулаанд холбогдсоноор хотын баруун болон хойд бүсийн агаарын бохирдол эрс буурах бөгөөд судалгаагаар 51,000 орчим айл өрх түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзана. Мөн усны хэрэглээг эрс бууруулсан агаарын хөргөлтийн систем болон хаягдал усыг 100% дахин ашиглах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэхээрээ онцлог юм.
Азотын дутуу исэл, Нүүрсхүчлийн дутуу исэл, Хүхрийн дутуу исэл, агаарт хаягдах тоосонцор буюу PM үзүүлэлтийг манай улс стандартчилсан бөгөөд ДЦС-5-ын тоног төхөөрөмжүүд нь Монгол Улсын энэхүү дөрвөн төрлийн стандартад тавигдсан шаардлагуудыг бүрэн хангахуйц техник технологитой юм.

Ажлын байр хэрхэн нэмэгдэх вэ?
Төслийн ТЭЗҮ, судалгаанд дурьдсанаар барилга угсралт, дэд бүтцийн ажлын явцад түр хугацааны 1,600 гаруй ажлын байр бий болно. Харин станц бүрэн ашиглалтад орсноор инженер, техникийн ажилчдын 369 тогтмол байнгын ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг дагаж баруун бүсийн бүтээн байгуулалт, орон сууцны төслүүд эрчимжиж, сургууль, эмнэлгийн чанар, хүртээмж өсөх судалгаа бий.

Шинэ станцыг яагаад ДЦС-2 -ын Үнсэн сангийн талбайд барихаар болсон бэ?
Шинэ станцын байршлыг сонгохдоо төмөр замын дэд бүтэц, газар ашиглалт, инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт болон байгаль орчны хүчин зүйлсийг цогцоор нь судалж үзсэн байна. Тус талбай нь Төвийн бүсийн эрчим хүчний системийн одоо байгаа дэд бүтцүүдтэй холбогдоход тохиромжтой бөгөөд Улаанбаатар хотын баруун бүсийн дахин төлөвлөлтийн бодлого болон газар ашиглалтын нөхцөлтэй уялдаж, техникийн хувьд станц барих боломжтой гэж үзсэн ажээ.
Мөн ДЦС-2-ын үнсэн санд 65 жилийн хугацаанд хуримтлагдсан үнс нь орчны шинэ суурьшлын бүсүүдэд байгаль орчин, эрүүл ахуйн тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Иймээс тус талбайг ашиглах нь зөвхөн шинэ станц барих төдийгүй хуримтлагдсан үнсний асуудлыг шийдвэрлэх, орчны аюулгүй байдлыг сайжруулах, хотын баруун бүсийн хөгжлийг дэмжих зэрэг ач холбогдолтой юм.












