НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) энэ оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд хурлын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
COP17 хурлын Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулгын мэдээлснээр, нийслэлийн зүгээс хурлыг зохион байгуулахтай холбоотой барилга байгууламж, дэд бүтэц, түр байгууламжийн ажлыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар бэлтгэл ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн байна. Мөн наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд төслийн талбайг НҮБ-ын талд албан ёсоор хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Хурлын хүрээнд наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Хотуудын дарга нарын чуулга уулзалт” болох бөгөөд дэлхийн томоохон болон хөгжиж буй хотуудын удирдлага, төлөөлөгчид оролцохоор товлогдсон байна.
COP17 хурлын үеэр ашиглах 12 түр байгууламжийн угсралтын үндсэн ажлыг Францын “GL Events Live” компани гүйцэтгэж байгаа бол Монголын “НБИК”, “LIRI групп” компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллан гадна барилга угсралтын ажлыг хариуцан хэрэгжүүлжээ.
Монгол Улс энэ удаагийн бага хуралд “Газар-Ус-Мод” санаачилгын хүрээнд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилго тавин ажиллаж байгаа юм. COP17 бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын гадаад бодлогын байр суурь, олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ төсөл, хөрөнгө оруулалтыг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Мөн байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлыг олон нийтэд илүү өргөн хүрээнд сурталчлан таниулахын сацуу эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна. Бага хуралд оролцох гадаадын төлөөлөгчид Монгол Улсад байх хугацаан дахь бүх зардлаа өөрсдөө хариуцах бөгөөд энэ нь зочид буудал, нийтийн хоол, тээвэр, үйлчилгээ зэрэг салбарын орлогыг нэмэгдүүлж, бизнесийн аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтой юм.












