2027 оны төсвийн төсөлд Боловсрол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Санхүү, Эрүүл мэнд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад нийлээд 23.55 их наяд төгрөг тусгажээ. Энэ нь улсын төсвийн 31.93 их наяд төгрөгийн зарлагын 73.7 хувьтай тэнцэнэ.

Хамгийн их төсөвтэй Боловсролын багцын 82.4 хувь нь урсгал, 17.6 хувь нь хөрөнгийн зардал. Хөрөнгийн зардалд 1.33 их наяд төгрөг төлөвлөсөн байна. Энэ хэмжээний санхүүжилтээс иргэд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургалтын чанар, багшийн ажиллах нөхцөлд бодит ахиц хүлээнэ. Хэдэн барилга эхлүүлэхээс гадна хэдийг ашиглалтад оруулах, анги дүүргэлт болон суралцах орчны ямар асуудлыг шийдэхийг төсөвтэй нь хамт тайлагнах хэрэгтэй. Шинэ барилгыг багш, тоног төхөөрөмж, ашиглалтын зардалтай нь уялдуулахгүй бол хөрөнгө оруулалтын өгөөж буурна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын багцын 98.8 хувь нь урсгал зардал байна. Хөтөлбөр бүрийн хамрах хүрээ, давхардал, зорилтот иргэддээ хүрч байгаа эсэх нь чухал. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийг хэдэн хүн сургалтад хамруулснаар бус, хэд нь тогтвортой ажилтай болж, орлогоо нэмэгдүүлснээр үнэлэх ёстой.

Сангийн сайдын багцад зээлийн хүүгийн төлбөр 1.57 их наяд, гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал 1.77 их наяд төгрөг тусгажээ. Хүүгийн төлбөр дангаараа уг багцын 29.7 хувь болж байна.
Хүү төлөх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ шинээр авах зээлээр санхүүжүүлэх төслүүдийн өгөөж, хугацаа, эргэн төлөлтийн эх үүсвэрийг ил тод болгох хэрэгтэй. Төсөл удаашрах тусам хүүгийн зардал үргэлжилж, иргэдэд очих үр өгөөж хойшлох эрсдэлтэй.

Эрүүл мэндийн багцын 91.8 хувь, Хууль зүй, дотоод хэргийн багцын 95 хувь нь урсгал зардал байна.
Урсгал зардал нь төрийн үйлчилгээг өдөр тутам хүргэхэд шаардлагатай. Гэхдээ санхүүжилтийн үр дүнг иргэд үйлчилгээ авахдаа мэдэрдэг байх ёстой.
ADVERTISEMENT