Монголын төрд асуудал байхгүйдээ биш, асуудлыг нь мэддэг хүмүүс дуугүй явдгаас алдаа улам даамжирдаг. Харин дотроос нь үнэнийг хэлсэн хүн гарч ирэхэд асуудлыг засахаас илүүтэй тухайн хүнийг буруутгах, дарамтлах, ажлаас нь шахах хандлага түгээмэл байна. Сүүлийн өдрүүдэд гурван өөр салбарын төлөөлөл өөр өөрсдийн салбарт үүссэн бодит асуудлыг олон нийтэд хэллээ.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ Б.ХОНГОР: Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдлын улмаас өвчтөнүүд шаардлагатай хагалгаандаа орж чадахгүй, хүлээхэд хүрсэн нөхцөл байдлыг мэдээлэв. Энэ бол нэг эмчийн хувийн гомдол биш. Өвдсөн иргэдийн амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал юм.
ШШГЕГ-ЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.НАМСАМАНД: С.Амарсайхан руу чиглэсэн хэвлэлийн хурал мэт боловч бүтэн зургаар нь харвал хууль сахиулах байгууллагын дотоодод олон асуудлууд байдгийг харуулав. Хаалттай тогтолцооны дотоод асуудлыг удирдлагын түвшинд ил тод хэлнэ гэдэг амаргүй. Түүний мэдээллийг хувь хүн рүү чиглэсэн маргаан болгох бус, хөндсөн асуудлыг нь баримтаар шалгаж, засах ёстой.
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ Т.НЯМ-ОЧИР: Төсвийн цаана олон асуудлууд, дарга нарын эрх ашиг хэрхэн нуугдаж, шургалж олон мянган хүүхдийн ирээдүй хохирч буйг гаргаж ирэв. Хүүхэд бүрийн ирээдүйтэй холбоотой боловсролын салбарын асуудлыг нууж, өнгөлөн далдлах тусам хохирлыг нь сурагчид, багш нар болон эцэг эхчүүд үүрнэ.
Шүгэл үлээгч гэдэг байгууллагаа харлуулах гэсэн хүн биш. Харин байгууллагынхаа алдааг засуулахын төлөө нэр хүнд, албан тушаал, ажлын байраа эрсдэлд оруулан үнэнийг хэлж байгаа хүн юм. Ийм хүмүүсийг хамгаалахгүй бол дараагийн эмч эм тасарсныг хэлэхгүй. Дараагийн төрийн албан хаагч хууль бус шахалт, тогтолцооны гажуудлыг мэдээлэхгүй. Дараагийн мэргэжилтэн хүүхдийн эрх ашиг хохирч байгааг харсан ч дуугүй өнгөрнө.
Тэдний хэлсэн бүхэн үнэн эсэхийг холбогдох байгууллагууд баримтаар шалгах үүрэгтэй.












