УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэр дахиад л сайдын суудалтай холбогдож эхэллээ. Энэ удаад түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын боломжит хувилбаруудын нэгээр улс төрийн хүрээнд ярьж байна.
Г.Тэмүүлэн бол сайдын суудалтай нэр нь холбогдож ирсэн ч Засгийн газрын бүрэн эрхт сайд болж үзээгүй улстөрчдийн нэг.
Тэрбээр төрийн албанд Ашигт малтмал, газрын тосны газраас ажлын гараагаа эхэлж, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, улмаар Уул уурхайн дэд сайдын албыг хашиж байв. Харин 2016 оноос хойш УИХ-д гурван удаа дараалан сонгогджээ.
Парламентад ч чамгүй албан тушаал дамжсан. Төсвийн байнгын хороог удирдаж байсан бол одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, парламентын туршлага, нам доторх байр суурь, төрийн албаны замналын хувьд сайдын суудал түүнд шинэ сэдэв биш. Харин Засгийн газрын танхим бүрдэх бүрд нэр нь яригдаад өнгөрдөг гэх улс төрийн имиж түүнтэй хамт явсаар ирэв.
Тухайлбал, Н.Учралын Засгийн газар 2026 оны хавар бүрдэх үеийн урьдчилсан хувилбаруудад Г.Тэмүүлэн Сангийн сайдын суудалтай холбогдон нэрлэгдэж байсан. Эцсийн танхимын тохироо өөрөөр гарсан юм.Харин энэ удаа яригдаж буй суудал нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын алба.
Г.Тэмүүлэнгийн хувьд нэг онцлог бий. Түүний төрийн албаны гол туршлага уул уурхай, төрийн өмчит компани, төсөв, аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлд төвлөрсөн. Харин хууль зүй, дотоод хэргийн салбарыг шууд удирдаж байсан намтар түүнд байхгүй.Тиймээс ХЗДХ-ийн сайдын суудал түүнд зүгээр нэг “сайд болох” боломж биш, улс төрийн хувьд нэлээд том сорилт болж мэднэ.
Ялангуяа хууль сахиулах байгууллагуудтай холбоотой маргаан, хариуцлагын асуудал олны анхаарлын төвд байгаа энэ үед тус яамыг хүлээж авсан хүн зөвхөн сайдын сэнтийд суух бус, салбарын асуудлын өмнө нүүр тулна. Олон жил сайдад нэр нь яригдсан ч сайдын суудалд хүрээгүй “сайдын одгүй” Г.Тэмүүлэн энэ удаа ХЗДХ-ийн сайд болж санаа нь амрах уу?












