Нэгдүгээр ангийн сурагчдад зориулсан “Би сурагч боллоо” номд гурван хөлтэй хүүхдийн зураг орсон гэх шүүмжлэл гарлаа. Хүүхдийн анхаарлыг гар утас, цахим тоглоом, богино бичлэг булааж буй энэ үед анхны сурах бичиг нь номд дурлуулах хамгийн чухал боломжуудын нэг. Зураг нь сонирхол татаж, өгүүлэмж нь төсөөллийг тэлж, хуудас бүр нь дараагийнхыг эргүүлэх хүсэл төрүүлэх учиртай.
“Утсаа тавь, номоо унш” гэж хүүхдэд хэлдэг. Хүүхдийг унших сонирхолгүй гэж буруутгахаасаа өмнө сурах бичгийнхээ зураг, хэл найруулга, агуулгыг шалга. Хүүхдийн сонирхлыг татах ном бүтээх нь салбарын бодлого, мэргэжлийн чадамж, хяналтын бодит шалгуур юм. Хиймэл оюун ашигласан эсэхийг ч тодорхой тайлбарлах шаардлагатай. Ашигласан бол үр дүнг нь хянах үүрэг хүнийх хэвээрээ. AI алдаа гаргаж болно. Харин хүүхдийн сурах бичгийг хариуцсан хүмүүс тэр алдааг хэвлэх зөвшөөрөл болгож болохгүй.
Боловсролын яам хүүхдийн гарт очсон номын чанар, агуулгад хэн хариуцлага хүлээхийг тодорхой болгож, хяналтаа ажиллуулах ёстой. Хэвлэлийн газар руу заах төдий тайлбар хангалтгүй. Хэвлэхээс өмнө ямар хяналт хийсэн, алдааг яагаад илрүүлээгүйг баримттай тайлбарлах хэрэгтэй. Хүүхдээс алдаагаа засахыг шаарддаг салбарын яам өөрөө алдаандаа хариуцлага хүлээж сур.











