Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Б.Хонгорын хэлж байгаагаар фентанил тариа сар орчим тасалдаж, тус эмнэлэгт цөөн тоогоор ирсэн нөөцийг хэд хэдэн тасаг хуваан хэрэглэж байна. Үүнээс шалтгаалан ерөнхий мэдээгүйжүүлэгтэй төлөвлөгөөт хагалгааг хийх боломж хумигдаж, өвчтөнүүдийн хагалгааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг тэрбээр анхааруулжээ.
Мөн Эх, нярайн эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн нүдний зарим мэс засал мэдээ алдуулах тарианы тасалдлаас болж хойшилсон гэх мэдээлэл цахим орчинд гарлаа. Хэрэв эмнэлгүүдийн үлдсэн нөөц дуусвал төлөвлөгөөт хагалгаагаар хязгаарлагдахгүй, амь тэнссэн үеийн яаралтай тусламжид ч эрсдэл үүсэж болзошгүй.
Иймд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар зөвхөн “нийлүүлэлт хэвийн” гэх ерөнхий тайлбараар хязгаарлалгүй, эмнэлэг бүрийн бодит нөөцөд яаралтай шалгалт хийх шаардлагатай. Фентанил хэдий хэмжээтэй үлдсэн, хаана тасарсан, хэчнээн хагалгаа хойшилсон, дараагийн нийлүүлэлт хэзээ ирэх зэрэгт анхаарлаа хандуулж хөрсөн дээрээ бууж ажиллахыг сануулж байна. Энэ бол улс төрийн маргаан бус, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Э.Батшугар сайд аа!!!












