0
Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар зарлигаар Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч хуульд тусгайлан заагаагүй. Түүнчлэн, Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, монгол төрийг сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дурсвал зохих түүхэн үйл явдал мөн гэж үзжээ. Мөн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад олон намын тогтолцоо үүсэж, өнөөгийн ардчилсан Үндсэн хууль батлагдсан бөгөөд иргэдийн эрх, эрх чөлөө, ил тод засаглалыг бататгахыг зорьсон тайван, хүчирхийллээс ангид эрс өөрчлөлтийн үйл ажиллагаа байсан гэдгийг тодотгов.